Эх орныхоо өмнө өргөсөн андгай тангарагаа эргэн санаж, “Бид эх орны цэргүүд” чуулга, уулзалтад оролцохоор Хөвсгөл аймгийн цэргийн бэлтгэл үүрэгтнүүд өнөөдөр Мөрөн суманд чуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт өмнө нь Төв, Өвөрхангай аймаг болон нийслэлийн Налайх дүүрэгт зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Хөвсгөл аймагт үргэлжилж буй нь энэ юм.

Эх оронч үзэл, үндэсний бахархлыг хөгжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой чуулга, уулзалтыг нээж Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба:
“Андгай тангарагтаа цэрэг хүний ёсоор чин үнэнч гэдгээ батлан харуулж буй та бүхнээр бахархаж байна. Эх орныхоо дуудлагыг эргэн нэг санаж, ийнхүү цугласан та бүхэндээ баярлалаа” хэмээн онцоллоо.
Мөн өнөөгийн цэрэг-улс төр, цэрэг-стратегийн орчин нөхцөлд цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн мэдлэг, ур чадвар, бэлтгэлжилтийг тогтмол дээшлүүлэх нь батлан хамгаалах чадавх, бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн илгээлтийг Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо танилцуулж, Хөвсгөл аймгийн удирдлагад гардууллаа.
“Бид эх орны цэргүүд” чуулга, уулзалтын хүрээнд эх оронч үзэл, үндэсний бахархал, тусгаар тогтнолын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх лекц, уулзалт, урлагийн тоглолт, явуулын үзэсгэлэн, зэвсэглэл, техникийн танилцуулга болон эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ зохион байгуулагдаж байна.

