ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИЙГ ТӨР, ЦЭРГИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ХОШУУЧ ГЕНЕРАЛ Я.ЧОЙЖАМЦ АГСНЫ НЭРЭМЖИТ БОЛГОЛОО

1
      Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрэм”-ийн дагуу эх орон, тусгаар тогтнолын төлөө гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн нэрийг мөнхжүүлэх зорилгоор цэргийн ангийг нэрэмжит болгох эрх зүйн зохицуулалттай.
      Хошууч генерал Ядмаагийн Чойжамц нь Ардын армийн салааны захирагчаас эхлэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал зэрэг өндөр албан тушаалыг хашиж байсан төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм.
      Тэрбээр Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын ажиллагаанд оролцох суурийг тавихад чухал хувь нэмэр оруулсан төдийгүй Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бүтэц, орон тоо, хүний нөөц, сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ.
      Иймд түүний түүхэн гавьяа, эх оронч үйлсийг мөнхжүүлж, Тусгай хүчний цэргийн алба хаагчдын эх оронч үзэл, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 330 дугаар ангийг хошууч генерал Я.Чойжамц агсны нэрэмжит болгон, гэрэлт хөшөөг мөнхжүүлж, мөнх ногоон гацуурыг тарилаа.

Нэрэмжит болгох ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, алба хаагчид, харьяа ангийн бие бүрэлдэхүүн, Я.Чойжамц агсны үр хүүхэд, гэр бүл, ард иргэдийн төлөөлөл оролцов.