Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга болон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу 2025-2026 оны сургуулийн жилийн хүрээнд ахлагчийн мэргэжил олгох сургалтын төгсөлтийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа.

Ахлагчийн мэргэжил олгох сургалтыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн политехник коллеж, Хуурай замын цэргийн командлалын Ахлагчийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан бөгөөд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас цаашид ахлагчийн албанд шилжин ажиллах хүсэлтэй цэргийн гэрээт болон хугацаат алба хаагчдаас сонгон шалгаруулж, ахлагчийн албаны 6 мэргэжлээр сургаж бэлтгэсэн юм.

Сургалтыг 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 16-ны хүртэл Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийг түшиглэн явуулж, 08 дугаар сарын 17-ны өдрөөс мэргэжлийн ангиудад сонгосон мэргэжлээр нь хуваарилж суралцуулсан бөгөөд 10 дугаар сарын 07-ны өдөр төгсөлтийн шалгалтыг зохион байгуулсан юм.
Тус шалгалтад Хуурай замын цэргийн командлалаас томилогдсон комиссын бүрэлдэхүүнээс гадна ҮБХИС-ийн Ахлагчийн Политехник коллежийн дэд захирал, Судалгаа, сургалтын албаны дарга, сургагч ахлагч Э.Энхтайван, төлөвлөлтийн мэргэжилтэн сургагч ахлагч Н.Пүрэвсүрэн, сургалт, цэргийн алба хариуцсан ахлах мэргэжилтэн сургагч ахлагч Э.Ундрах нар ажиллаж, сургалтын чанар болон шалгалтын явцад бодитой үнэлэлт, дүгнэлт өгсөн юм.
