АЛСЛАГДСАН АНГИ, САЛБАРЫН АЛБА ХААГЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН, НИЙГМИЙН БАТАЛГААГ САЙЖРУУЛАХ ШИЙДВЭРҮҮД ГАРГАЛАА

1
     УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд тэргүүтэй ажлын хэсэг Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327 дугаар ангид ажиллаж, тус анги болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 085, 329 дүгээр салбарын алба хаагчидтай уулзан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь хэлэлцэж, шийдвэрлэлээ.
      Зэвсэгт хүчний 327 дугаар анги Засгийн газрын шийдвэрээр алслагдсан анги, салбарын ангилалд хамрагдсанаар алба хаагчид таван жил тогтвор суурьшилтай ажиллавал 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал авах, хүүхэдтэй гэр бүлүүд улирал тутам мөнгөн дэмжлэг хүртэх боломж бүрдсэн юм.
      Мөн тус ангийн аж ахуй, үйлдвэрлэлийг дэмжихээр иж бүрэн трактор, хүлэмж, ачааны автомашин олгох, спорт, соёлын төв болон ахуйн үйлчилгээний байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр болов.
      Түүнчлэн 085 дугаар салбарт дунд оврын автобус, ачааны автомашин, автогражийн засварын асуудлыг шийдвэрлэхээр болсон бол 329 дүгээр тусгай салбарыг албаны автомашинаар хангах ажлыг ирэх оны төсөвт тусгахаар шийдвэрлэлээ.
     Цэргийн алба хаагчдын гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах чиглэлээр дэмжиж ажиллахаа мөн илэрхийлэв.
      Сайд Д.Батлут уулзалтын үеэр батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй хүн төвтэй бодлого, шинэчлэлийг танилцуулж, алба хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
      Уулзалтын төгсгөлд ажил, албандаа амжилт гаргасан цэргийн алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.