МОНГОЛ, ГЕРМАНЫ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

1
     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх Хамтарсан тунхаглал байгуулав.
     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нарын албан ёсны хэлэлцээгээр батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм.
     Талууд хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцлоо.
      Энэ нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сургалт бэлтгэлийг дээшлүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.