Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний 353, 337 дугаар ангиудад ажиллалаа. Түүнийг Агаарын цэргийн командлалын харьяа тус хоёр ангид хүрэлцэн очиход Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр тэргүүтэй Агаарын цэргийн командлалын удирдлагууд, харьяа ангиудын захирагч нар угтан авсан юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр эхлээд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн үйл ажиллагаа, зэвсэглэл, техниктэй танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар ангийн удирдлагуудаас санал сонссон. Энэ үеэр Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр “Монгол Улсын Зэвсэгт хүчинд Агаарын цэргийг хөгжүүлэхэд маш олон асуудлууд тулгамдаж байна. Эдгээрээс алийг нь ч хойш тавихын аргагүй бөгөөд орчин үеийн зэвсэглэл, техниктэй болохын тулд хийх ажил асар их байгааг Батлан хамгаалахын сайд онцолсон. Өөрөөр хэлбэл, БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлалын зүгээс зэвсэглэл, техникийн шинэчлэл, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулах гэсэн хоёр үндсэн чиглэлээр Агаарын цэргийг хөгжүүлэхэд анхаарч байна. Техник шинэчлэл гэдэгт орчин үеийн радарын системүүд, цэргийн тээврийн онгоц, пуужингийн цогцолбор зэрэг улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд Агаарын цэргийн техникийн бэлэн байдлын талаас хүлээх үүргүүд багтаж байгаа юм” гэж хэлсэн.
Дараа нь Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 337 дугаар ангид хүрэлцэн очиж, ангийн үйл ажиллагаатай танилцсаны дотор тус ангийн Нисгэгчгүй нисэх хэрэгслийн төвөөр зочилж, гар сэтгэл нийлсэн залуусын өөрсдөө бүтээж байгаа дроны туршилт, судалгаа, ажлын явцтай танилцав. Тэрбээр энэ үеэр “Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд та бүхний хийж байгаа үйлсийн ач холбогдол тун өндөр юм. Зэвсэгт хүчний хөгжил инноваци, технологийн хөгжилд суурилах учиртай. Иймд та бүхнийг Батлан хамгаалахын сайдын зүгээс бүх талаар дэмжиж, туслах болно” гэв.
Мөн Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлүүд, цаашид салбарын удирдлагын зүгээс явуулах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэсэн. Тэрбээр “Батлан хамгаалах салбарын нэр хүнд ард түмний дунд жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Манайх шиг ийм цогц салбар Монгол Улсад өөр хаана ч байхгүй. Өнөөдөр Зэвсэгт хүчинд алба хааж байгаа цэргийн алба хаагч нь бусад орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдаас цалин хангамж болон нийгмийн хамгаалал гээд бүх талаараа илүү болсон. Нөгөөтэйгөөр ирэх онд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн тохиох гэж байна. Ази Монгол Улсаас өөр тивд Зэвсэгт хүчнийнхээ 100 жилийн ойг тэмдэглэх гэж буй улс байхгүй юм. Иймд та бүхэн энэ түүхэн цаг үед Зэвсэгт хүчиндээ алба хааж байгаагаараа бахархах учиртай. Батлан хамгаалахын сайдын хувьд Агаарын цэргийг хөгжүүлэх, цаашдаа орчин үеийн Агаарын цэргийн хүчинтэй болох асуудлыг байнга дэмжсээр ирсэн. Гэхдээ энэ бол өнөөдөр шийдээд маргааш бүтчихдэг асуудал биш. Олон жилийн төрийн тогтвортой бодлого, төсөв хөрөнгийн зөв зарцуулалт зэрэг олон хүчин зүйлсээс бүрдэх маш том ажил гэдгийг та бүхэн ойлгох учиртай” гэсэн юм.