ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА

Эрхэм зорилго:
Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг урлаг соёлын тайз дэлгэцээр дамжуулан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ард иргэдэд хүргэн сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, өөрийн оронд болон хилийн чанадад цэрэг эх орны сэдэвт уран бүтээлүүдийг өргөнөөр сурталчлах

Зорилт:

  • Цэргийн соёлын арга хэмжээ, тоглолт үйлчилгээг олон түмэнд хүргэж сурталчлах менежментийг боловсронгуй болгох,
  • Байгууллагын үйл ажиллагааг материаллаг орчин нөхцөлөөр сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх,
  • Уран бүтээлийн чанарыг өндөр түвшинд гаргаж уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх,
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх,
  • Аж ахуйн хангалтыг тогтмолжуулж санхүүгийн хяналтыг сайжруулах

ЦЭРГИЙН ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГЫН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        1932 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цэргийн төлөөлөгчдөд анхныхаа тоглолтыг толилуулсанаар одоогийн Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын уран бүтээлийн түүх эхэлсэн билээ.

        Чуулгын түүх бол Монгол улсын театр, хөгжмийн урлагийг шинэ нөхцөлд үүсгэн хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмрийн илэрхийлэл, цэрэг дайчид, хөдөлмөрчдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэн зоригжуулж, дайны фронт, хилийн торгон шугам, хөдөлмөрийн талбарт төдийгүй гадаадын олон мянган зочид төлөөлөгчдөд Монгол үндэстний соёл урлагийн ололт амжилт, өвөрмөгц гайхамшгийг таниулан сурталчилсан үйлс, театр, хөгжмийн урлагт олон зуун шилдэг боловсон хүчин бэлтгэн гаргаж, ардын цэргийн эгнээнээс Монголын урлагийн нэрт зүтгэлтнүүдийг төрүүлсэн эрхэм гавъяаны тод илрэл билээ.

        Тус чуулга нь улс орныг батлан хамгаалах хүчийг бэхжүүлэн хөгжүүлэх, Зэвсэгт хүчний дайчид, нийт хөдөлмөрчид, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд ардын уламжлалт ёс заншил, гоо зүй, ёс суртахууны хүмүүжил төлөвшүүлэхэд уран бүтээлийн зорилгоо чиглүүлэн ажиллаж ирсэн улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллагуудын нэг бөгөөд одоо урлагийн тэргүүлэх зэргийн байгууллага болтлоо хөгжиж ирлээ.

        1932-1942 онуудад Цэргийн театр, чуулгын үүргийг хослон гүйцэтгэж, үндэсний болон дэлхийн сонгодог жүжгүүдийг өөрийн тайзнаа амьдруулсны зэрэгцээ Монголд анхны найрал дуу, найрал хөгжим, бүжгийн хамтлагийг үүсгэн байгуулсан гавъяатай тус чуулгаас алдарт дуучид, Ардын жүжигчид, Урлагийн гавъяат зүтгэлтнүүд, 80 гаруй гавъяатууд төрөн гарсан нь чуулгын үе үеийн уран бүтээлчдийн  ажлын амжилт, алдар гавъяаг илтгэнэ.

        Чуулга нь Цэргийн театр, Цэргийн дуу танцны ансамбль, Монголын хувьсгалт цэргийн  Дуу  Бүжгийн ансамбль, Монголын Ардын Армийн дуу Бүжгийн Чуулга, Бүх цэргийн дуу бүжгийн чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн нэртэйгээр хөгжиж, түүхийн урт хугацааны туршид үйл ажиллагаа нь улам бүр өргөжин, уран бүтээлийн чанар, урын сан нь баяжсаар ирсэн билээ.

        Тус чуулга нь 1945 оны чөлөөлөх дайны талбарт гавъяа байгуулсан дайчид, чөлөөлөгдсөн нутгийн иргэдэд урлагаар үйлчилсэн цорын ганц байгууллага бөгөөд өөрийн гэсэн сонгодог дүр төрхтэй бие даасан уран бүтээл олноор туурвиж улсын болон олон улсын чанартай соёл урлагийн арга хэмжээнд голлох үүрэгтэй оролцож ирсэн юм.

        Тус хамт олон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолч Л.Бетховен, Ж.Бизе, П.Чайковский, Ш.Гуно, Л.Бородин, И.Брамс, Д.Шостакович зэрэг суутнуудын бүтээлүүд болон С.Гончигсумлаагийн “Чамайг үдье”, Лха.Доржийн “Амрагийн дуу”, Д.Банзрагчийн “Цэрэг бүжгийн чуулбар”, Ш.Гун-Аажавын “Манай цэргийн жавхаа”, Д.Бадарчийн “Хаврын шөнийн бодол”, П.Хаянхярваагийн “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” зэрэг урлагийн алтан үеийнхэний өвлүүлсэн урын сан, бүтээлүүдийг Б.Шаравын “Сэрүүн намар” рок балет, Л.Ганчимэгийн “Цэгцэрсэн жагсаалын жавхаа”, “Могойн чуулган”, “Нэр төр” бүжгэн жүжиг, Р.Ганбатын “Дандар баатар”, “Цогтын цэргүүд”, “Тоонто нютаг” дуу бүжгийн цоморлиг, С.Тараагийн “Жаахан цэрэг ”, “Цэрэг бүсгүй”, “ Чингис хаан” рок дуурь, Б.Бямбабаярын “Хүннү” дуурь, “Хязгааргүй”  моно поп опера зэрэг олон арван зохиолуудаар баяжуулан уран бүтээлээ туурвиж байна.

        Чуулгын түүхийн үе үеийн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 1962 онд Байлдааны гавъяаны одон, 1982 онд Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж,  2002 онд “ Эрдмийн чуулга “ гэсэн эрхэм алдрыг хүртээсэн билээ.

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга нь:

Удирдлага

                  Захиргаа, үзвэр үйлчилгээний хэлтэс

    • Захиргаа хүний нөөцийн алба
    • Сургалт соёл хүмүүжил, маркетингийн алба
    • Санхүүгийн алба
    • Үйлчилгээний алба
    • Харуулын алба

                 Үйлдвэрлэл техникийн хэлтэс

    • Тайзны алба
    • Дуу бичлэгийн студи

                 Уран бүтээлийн хэлтэс

    • Эстрад симфони найрал хөгжмийн алба
    • Ардын найрал хөгжмийн алба
    • Найрал дууны алба
    • Бүжгийн алба
    • “Дуулга” телестуди

гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эстрад симфони найрал хөгжим:
1997 онд Холимог найрал хөгжмийн бүрэлдэхүүнийг Эстрад симфони найрал хөгжим, Ардын найрал хөгжим гэсэн бүтцэд шилжүүлсэн бөгөөд өнөөг хүртэл энэхүү бүтцээ хадгалан хөгжиж, ардын уламжлалт болон дэлхийн сонгодог бүтээлүүдээр үзэгч сонсогчдоо мялаан, уламжлал шинэчлэлийг хослуулан уран бүтээлээ туурвисаар байна.

       Эстрад симфони найрал хөгжмийн албаны уран бүтээлчид дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг тоглон, БНАСАУ, БНСУ, “Их талын джаз” Олон улсын хөгжмийн наадам зэрэг Олон улсын арга хэмжээнд амжилттай оролцож, Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Халхын голын байлдааны ялалтын 70, 80 жил, Чөлөөлөх дайны ялалтын 60, 70 жилийн ой, БХЯ-ны 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 80, 90 жилийн ой зэрэг түүхт ойн баяр ёслолд зориулсан хүндэтгэлийн тоглолтууд, Батлан хамгаалах бодлого, зорилт, ЗХ-ний үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээнд зориулсан тоглолтуудад амжилттай оролцож, Монголын нийтийн дуу дуулаачид болон рок попын уран бүтээлчид, хамтлагуудтай хамтран ажиллаж байна.

Ардын жүжигчин Д.Мяасүрэнгийн нэрэмжит Найрал дууны алба :
Тус алба нь ЦДБЭЧ-ын ууган албадын нэг бөгөөд анхны томоохон бүрэлдэхүүн болон байгуулагдсан цагаасаа Монголын мэргэжлийн урлагийн түүхэнд “Жаран хар- арван цагаан” хэмээн алдаршиж, олон арван гавьяатуудыг эгнээнээсээ төрүүлэн, улсын хэмжээнд төдийгүй олон улсын тайзнаа Монгол дуучдын хоолойн цараа, ур чадварыг батлан харуулж ирсэн хүчирхэг найрал дуучдын нэгдэл билээ.

       Манай дуучид дуунаас магтуу, оратори, дуулалт жүжиг, дуурь хүртэлх бүхий л төрлүүдээр уран бүтээлээ туурвиж, Төрийн болон ойн баяр ёслолын хүндэтгэлийн тоглолт, арга хэмжээнд голлох үүргийг гүйцэтгэн, чуулгын урын санг шилдэг бүтээлүүдээр баяжуулан туурвиж, дэлхийн хэмжээний уралдаан наадмуудад амжилттай оролцсоор байна.

Бүжгийн алба :
Монголын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох ЦДБЭЧ-ын анхны албадын нэг – Бүжгийн хамт олон нь түүхийн явцад улам бүр төгөлдөржин хөгжиж, эгнээнээсээ ХХ зууны манлай бүжиг дэглээч, олон арван гавьяат жүжигчдийг төрүүлсэн бахархалт түүхийн эзэд юм.
Тус хамт олон улсын болон олон улсын соёл урлагийн арга хэмжээнүүд, соёлын өдрүүд, бүжгийн уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, эхний байруудын шагналыг хүртсээр ирсэн бөгөөд өдгөө 100 хувь мэргэжлийн бүжигчдээр эгнээгээ бататгаж, бүжгийн урлагийн бүхий л төрлүүдээр уран бүтээлээ туурвин, үндэсний, сонгодог, улс үндэстний, орчин үеийн болон цэрэг эх орны сэдэвт баялаг урын санг бий болгосоор байна.

Үндэсний найрал хөгжим :
Монголын ард түмэн эрт дээр цагаас өнөөг хүртэл хөгжихдөө үндэсний урлагийн арвин баялаг сан хөмрөгийг бий болгосон бөгөөд ЦДБЭЧ-ын анхны уран бүтээлийн тоглолтын гол суурь нь үндэсний хөгжим, ардын дуу, язгуур урлагийн төрлүүд байсан түүхтэй.
Тус хамт олон нь түүхийн явцад үндэсний хөгжмийн цөөхүүл, домра найрал хөгжим, холимог найрал хөгжим болон бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж ирсэн болно.
Одоо тус алба нь 100 хувь мэргэжлийн уран бүтээлчдийг эгнээндээ нэгтгэсэн, ардын болон орчин үеийн, дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдсэн арвин баялаг урын сантай, олон улсын арга хэмжээ, гадаадын зочид төлөөлөгчдөд үндэсний урлагийн бүтээлүүдийг хүргэн сурталчилж ирсэн, ЮНЕСКО-гийн биет бус өв санг ард иргэд, цэрэг дайчдад түгээн сурталчлах үйлсэд манлайлан ажиллаж байгаа чадварлаг хамт олон болон хөгжсөөр байна.

Хаяг: Улаанбаатар 51,
БЗДүүрэг Дандарын гудамж – 2
/Офицеруудын ордон/
Утас: 260189, 260423
Факс: 976-11-45018