Офицер нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
- дээд боловсролтой байх;
- мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангасан байх;
- биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх;
- бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
- цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх.
Дээрх шалгуур үзүүлэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас батална.
Офицерын цолыг дунд, ахлах, дээд гэж ангилна.
- Дунд офицер – дэслэгч, ахлах дэслэгч, ахмад;
- Ахлах офицер – хошууч, дэд хурандаа, хурандаа;
- Дээд офицер – бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолтой байна.
Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана.
Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.
Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан цэргийн сургуулийн багш, цэргийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн офицерын алба хаах хугацааг дахин сунгаж болно.
Офицерын удирдах албан тушаалд цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг ажиллуулахыг хориглоно.
Офицерийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах
Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно.
Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно.
Цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй.
Офицерийг дараах үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө.
- анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан;
- өөр ажилд томилогдсон;
- цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан;
- тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
- алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
- өөрийн хүсэлтээр.
Офицерийн албан тушаалыг захиргааны санаачилгаар доор дурдсан үндэслэлээр бууруулан томилж болно. Үүнд:
- цэргийн нийтлэг дүрэмд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан;
- албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан.
Цэргийн жинхэнэ албанаас халах
Офицерийг дараахь тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно.
- цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн;
- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон
- мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон.
- офицер, ахлагч нь Монгол Улсын иргэний харьяатаас гарсан бол түүнийг цэргийн жинхэнэ албанаас хална.