ЗОРИЛГО ЗОРИЛТ

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Яамны эрхэм зорилго нь аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлага, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлж, улс орны хөгжлийн зорилго, үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурласан уян хатан, оновчтой батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэн, улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, оршин тогтнохуйн аюулгүй байдлыг найдвартай хангах явдал мөн.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

  • Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв, өөрчлөлтийн хандлагад нийцсэн улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого, зорилтыг тодорхойлж, хууль, эрх зүйн цогц байдлыг хангаж, улс орны батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх;
  • Үндэсний язгуур ашиг сонирхол, улс орны урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн уян хатан, оновчтой батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог төлөвшүүлэх;
  • Монгол Улсын батлан хамгаалах эрх ашигт тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, улсын дайчилгааны нэгдмэл удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгох;
  • Бүх нийтийн оролцоонд тулгуурласан батлан хамгаалах боловсролыг тодорхойлж, цэргийн албыг иргэний, түүний дотор залуу үеийн төлөвшил, эх оронч үзэл, хүмүүжлийн орчин байх нөхцөлийг бүрдүүлэх;
  • Батлан хамгаалахын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх;
  • Төрлийн цэргийн командлал, удирдах газрыг бэхжүүлэх замаар Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх;
  • Зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж, байлдааны зэвсэглэл, цэргийн техник, хэрэгслийг шинжлэх ухаан, технологийн хөгжилд суурилсан орчин үеийн Зэвсэгт хүчний шаардлагад нийцүүлэн шинэчлэх;
  • Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцоо, терроризмтой тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх бодлого баримтлах;
  • Барилга-инженерийн цэргийг улсын онц чухал объект, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарын барилга, инженерийн байгууламжийг барих, сэргээн засварлах, гамшгийн дараах сэргээн босгох, дотоод, гадаадад хүмүүнлэгийн тусламж, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах;
  • Батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгож, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг өргөжүүлэх;
  • Батлан хамгаалах салбарт ажиллагсдын алба хаах нөхцөлийг сайжруулж, нийгмийн баталгааг сайжруулах.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Яам нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Монгол Улсын батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг хангаж, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
  • Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг хангах, нийгмийн хамгааллын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, удирдамжаар хангах, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль, эрх зүйн болон арга зүйн зөвлөгөө үзүүлэх;
  • Орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх, улсын дайчилгааны нэгдмэл удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах;
  • Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зэвсэглэл, техник, материал хэрэгсэл болон батлан хамгаалах материаллаг нөөцийг шинэчлэх, бүрдүүлэх, хадгалах, хангах ажлыг зохицуулах;
  • Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, эрсдэлийг тооцох, хараат бус дотоод аудит явуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах;
  • Батлан хамгаалах гадаад хамтын ажиллагааны бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;
  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг төлөвлөх, батлагдсан төсөв, хөрөнгө оруулалтыг үр ашигтай зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах, батлан хамгаалах төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, салбарын нягтлан бодох бүртгэл, санхүү, төсвийг нэгдсэн удирдлагаар хангах;
  • Улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудыг бодлогын нэгдсэн удирдлага, удирдамжаар хангах;
  • Орчин үеийн зэвсэг техник ашиглах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор цахимжилт, мэдээллийг технологийг хөгжүүлэх, салбарын мэдээллийг сан бүрдүүлэх;
  • Батлан хамгаалахын хяналт шалгалт, үнэлгээний бодлого, чиглэлийг тодорхойлж, батлан хамгаалахын болон Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын нэгжийг нэгдсэн удирдамжаар хангаж, ажлын уялдаа холбоог зохицуулах, салбар, төрийн цэргийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, түүний дагуу зөвлөмж гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.