МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙ

ЭРХЭМ  ЗОРИЛГО

Монголын төр, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх, үе үеийн эх орончдын байгуулсан гавъяаг ард түмэнд таниулах, цэргийн түүхэнд холбогдох эд өлгийн хайгуул судалгаа хийж, сурвалжлан олох, хадгалж хамгаалах, судлах, дэглэн үзүүлэх, Монгол төрийн батлан хамгаалах бодлого шийдвэрийг сурталчлан таниулахад оршино.

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Цэргийн түүх бол Монголын түүхийн салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нүүдэлчдийн соёл иргэншил, хүн төрлөхтний түүхийг судлахад зайлшгүй харгалзан авч үзвэл зохих үнэт зүйл мөн. Монголын ард түмний цэрэг эх оронч уламжлал, Монгол Цэргийн түүх яндашгүй арвин билээ.

Монгол Цэргийн Музей нь энэхүү арвин баялаг түүхийн дурсгалт эд өлөг, баримт материалыг цуглуулах, хадгалж хамгаалах, судлан шинжлэх, сурталчилах үүрэг, зорилт бүхий судалгаа, сурталчилгаа эрдэм шинжилгээний, соёлын байгууллага юм.

Тус музейг байгуулах талаар анх ЦЯЯ ны сайд, Бүх Цэргийн Жанжин маршал Г.Дэмид /1932–1937онд/ санаачилан тухайн үед тушаал шийдвэр гаргаж байсан хэдий ч хараахан бодит ажил болж амжаагүй байна. Улмаар 1966 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 2 тоот тогтоолоор МАА–ийн музей байгуулах шийдвэр гарснаар цэргийн музей байгуулагдах ажил эхэлсэн түүхтэй.

СнЗ –ийн “Монгол Ардын Армийн цогцолбор байгуулах тухай тогтоол 1987 онд гарснаар өнөөгийн Монгол Цэргийн Музей байгуулагдах эхлэл тавигджээ. Дээрх шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1987 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 42 тоот тушаалаар МАА-н музейн түр орон тоог 18 хүний бүрэлдхүүнтэйгээр баталсан юм. МАА музей анх Офицеруудын ордны 2 давхарт байрлан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

БНМАУ-ын БХЯ, Засгийн Газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны 1991 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн хамтарсан тушаалаар Монголын Ардын Армийн Музейг “Монгол Цэргийн Музей“ хэмээн нэрлэж цэргийн музейнүүдийн тэргүүлэх музей болгохоор заасан байна.

Монгол Цэргийн Музейн барилгын ажлыг Ардын Армийн 022, 158 дугаар ангиуд хийж гүйцэтгэсэн бөгөөд 1996 оны 3 дугаар сарын 15–нд Монгол Цэргийн музейн нээлтийн ёслолын ажиллагаа болж анхныхаа үзэгчдийг хүлээн авч, үйл ажиллагаа тасралтгүй явуулсаар ирлээ.

ЗХУ-ын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей 1979 онд байгуулагдаж, 1990 онд Монгол цэргийн музейн харьяанд орсноор өнөөг хүртэл үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.

Монгол Цэргийн музей нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 39 дүгээр зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор шагнагдсан.

Байнгын үзүүллэг, үзэсгэлэн

Монгол Цэргийн Музей нь 9600 гаруй цуглуулгатай. Байнгын үзүүллэгийн 4-н танхим, гадна ил тайлбайн зэвсэг, техникийн үзүүллэг, түр үзэсгэлэнгийн  танхимтайгаар үйл ажиллагаа явуулж жилдээ 20 гаруй мянган үзэгч хүлээн авч монгол цэргийн түүхэн замналыг сурталчилан түгээн ажиллаж байна.

Тус музей нь нийгмийн бүх бүлэгт музейн үйлчилгээг тэгш хүргэх үүднээс мэдээллийн саадтай буюу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль тайлбар, сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлний тайлбартайгаар үйлчилж байна.

 

Үзүүллэгийн “ЭРТНИЙ ТҮҮХИЙН” танхим нь хуучин чулуун зэвсгийн дээд шатнаас Манжийн эрхшээлийн үе хүртэлх он цагийн хүрээнд хамаарагдах болно.

Тус танхимааас МЭӨ IX – VII зууны хүрэл дуулга, хутга, сүх, Хүннү гүрний цэргийн хүрэл тоногтой суран бүс, олон зууны туршид чанаржин хөгжиж ирсэн төрөл бүрийн зориулалтын сумны зэвүүд, бие хамгаалах хэрэгслэлүүд, дундад зууны үеийн чонын сийлбэртэй хотгор илд, 1372 оны хүрэл галт буу,XVI-XVII зууны үеийн харуулын цэргийн дээл зэрэг олон сонирхолтой эртний ховор үзмэрүүдийг үзэх болно.

Үзүүллэгийн “Шинэ түүхийн” танхим нь 1911 оноос өнөөг хүртэл Монголын Зэвсэгт хүчний үүсэл хөгжлийн түүхэн замналыг өгүүлнэ. Шинэ түүхийн танхим нь дараах хэсгүүдээс бүрдэж байна.

1911 он буюу Богд хаант Монгол Улсын үе
1921 оны Ардын хувьсгалын үе
1930-д оны МАХЦ
1939 оны Халхын голын дайн
1945 он Аугаа их Эх орны дайнд Монголчуудын оролцоо, Чөлөөлөх дайн
1948 оны Баруун хилийн зэвсэгт тулгаралт
1956-1990 оны Монголын Ардын Арми
1991 оноос өнөөг хүртэлх Монголын Зэвсэгт хүчин, Энхийг дэмжих ажиллагаанд Монгол цэрэг

          

Цэргийн төрөл мэргэжлийн танхим

Энэ танхимд Цэргийн холбоо, Артиллерийн цэрэг, Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, Цэргийн улс төр, Ар талын түүхийг толилуулсанаас гадна Монголын Ардын Армид ашиглагдаж байсан буудлагын зэвсэг, багаж хэрэгсэл зэрэг олон сонирхолтой  үзмэрүүдийг дэглэн үзүүлсэн.

          

Хүндэтгэлийн танхим

Тус танхимд Богд хаант Монгол Улсын үеэс өнөөдрийг хүртэлх Монгол Улсын төрийн сүлд, далбааны өөрчлөлт, Монгол Улсын маршалуудын түүхэнд холбогдох ховор үзмэрүүдээр таны мэлмийг мялаах болно.

Гадна ил талбайн үзүүллэг

Монголын Ардын Армид ашиглагдаж байсан зэвсэг, техникүүдийн түүхтэй танилцах болно.

          

         Г.К. Жуковын дурсгалын музей

ЗХУ-ын 4 удаагийн баатар БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын дурсгалд зориулсан дурсгалын музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачлагаар Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны 08-р сарын 19-ний өдөр анх нээсэн юм.

Уг музейг Г.К.Жуков нь гэр бүлийн хамтаар 1939 оны 09-р сараас 1940 оны 05-р сар хүртэл амьдарч байсан байшинд байгуулсан түүхтэй билээ. БХЯ-ны харъяа биеэ даасан улсын чанартай музей байсан ба 1990 онд Монгол Цэргийн Музейн харъяалалд шилжүүлсэн.

Харъяа музейд гарамгай жанжин Г.К. Жуковын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, үйл амьдралыг харуулсан түүхэн гэрэл зураг, баримт материалыг дэглэн үзүүлсэн.

          

          

ТҮҮХ СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛУУД

Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй “Дундад зууны үеийн Монгол цэргийн хотгор илд”-ийг Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 227 тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалд бүртгэгдсэн.

Мөн  музейн сан хөмрөгт онцлох үзмэрүүд болох Монгол цэргийн чулуун зэвсгийн үлдэцүүд, сумны зэв, хүрэл дуулга, хүрэл галт буу, гархин ба бэгтэр хуяг, харуулын цэргийн дээл, БНМАУ-ын маршал сэлэм, дүрэмт хувцас, одон медаль, ЗХУ-ын зураач Ю.М.Непринцевийн “Тулалдааны дараахи амсхийлт” уран зураг зэрэг үнэт үзмэрүүд хадгалагдаж, үзэгч түмний мэлмийг мялааж байна.

 

 

 

Түр үзэсгэлэн

Монгол цэргийн музей нь тэмдэглэлт ой, түүхэн үйл явдлыг тохиолдуулан түр болон нүүдлийн үзэсгэлэнг зохион байгуулж нийтийн хүртээл болгож, үзмэр эд өлгийг судалгаа сурталчилгааны эргэлтэнд оруулж байна.

          

          

          

          

Хамтран ажилладаг байгууллагууд

Музейн үзүүллэг сурталчилгаа, үйлчилгээг тасралтгүй явуулах, эрдэм шинжилгээний ажлыг өргөжүүлэхэд БХЯ, ССАЖЯ-дын сайдын тушаал, ЗХЖШ-ын даргын тушаал, удирдамж, заавруудыг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ хот, дүүргээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай байнга хамтран ажиллаж байна.

Гадаад харилцаа

Монгол  цэргийн  музей нь  гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар,  АНУ, ОХУ, Бүгд Найрамдах Турк  Улс, Бүгд Найрамдах Тува Улсын Элчин сайдын яамдуудтай хамтарч төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал

  • ОХУ-ын Ангарск хотын Ялалтын музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан
  • ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчтэй уулзан, цаашид хамтран ажиллах талаар тохиролцсон
  • ОСШУТ болон ”Эх орны дайчид” ТББ-тай хамтран ажиллаж байна.
  • МУ-д суугаа Турк, ОХУ, АНУ, Энэтхэг Улсын элчин сайдын яамдтай хамтран ажиллаж байна.

БНТУ-ын Анкара болон Истанбул хотод 7 хоногийн ажлын айлчлал хийж, холбогдох албан тушаалтнуудтай цэргийн түүх судлал, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сурталчлах талаар санал солилцож, туршлага судалсан.

          

Бүгд Найрамдах Тува Улсын Алдан-Маадыр-ын нэрэмжит Үндэсний музейтэй хамтарсан “Орос-монголын цэргийн хамтын ажиллагаа” гэрэл зургийн нүүдлийн үзэсгэлэн дэглэж, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг, Үндэсний музейн захирал Бичелдей Каадыр-оол Алексеевичтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

          

ОХУ-ын Зэвсэгт хүчний харьяа цэрэг, эх орны “Патриот” соёлын амралтын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

          

БАЙГУУЛЛАГЫН ТУГ ЛОГО ТЭМДЭГ

     

Байгууллагын тэмдэгийг 2011 онд оюуны өмчийн газраар батлуулж, Монгол улсын барааны тэмдэгтийн 9219 тоот гэрчилгааг эзэмшиж байна.

МУЗЕЙН ЦАГИЙН ХУВААРЬ:

Долоо хоногийн мягмар гарагаас бусад гаргуудад 09:00-16:30 цаг хүртэл ажиллана. Мягмар гарагт музейн эрдэм шинжилгээ судалгаа, сэргэн засварлалт, үзүүлэг дэглэлтийн ажилууд хийгдэнэ

ТАСАЛБАРЫН ҮНЭ

Монгол Цэргийн музей Г.К.Жуковын гэр музей

Том хүн – 3000 ₮
Оюутан – 2000
Хүүхэд- 1000 ₮

Том хүн – 3000 ₮
Оюутан – 2000
Хүүхэд- 1000 ₮

Монгол Улс. Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг Жанжин Лхагвасүрэнгийн гудамж-2
Утас: 976-11-70112844
Факс: (976)-11-454292
E-mail хаяг: militarymuseumm@gmail.com
www.facebook.com/MongolianMilitaryMuseum