Цэргийн дүйцүүлэх алба нь:
- биеэр дүйцүүлэх;
- мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна.
Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан, дараахь шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлнэ:
- гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн;
- иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан;
- цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна.
Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож Засгийн газар жил бүр тогтооно.
Мөнгөн төлбөрийн хэмжээг сүүлийн 8 жилээр харуулбал:
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг цэрэг татлагын товчоогоор орж хуульд заасан үндэслэлээр хугацаат цэргийн албанаас жил бүр чөлөөлөгдсөн байдлыг харгалзан үзэж дараах байдлаар тогтооно.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээ
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангаж, мөнгөн төлбөр тогтоолгосон иргэн төлбөрөө цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дууссан байна.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэн Дайчилгааны тухай хуульд заасны дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдана.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараах үндэслэлээр чөлөөлнө.
- хугацаат цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэй;
- цагдаа, тагнуул, гамшигтай тэмцэх чиг үүрэг бүхий алба, мэргэжлийн анги, салбар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2-оос доошгүй жил тасралтгүй төрийн тусгай алба хаасан 18-25 насны иргэн;
- эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдсөн иргэн;
Иргэн мөнгөн төлбөрийн хэмжээг хэдэн онд цэргийн алба хаах насны дээд хязгаар хүрсэн, тухайн оны Засгийн газрын тогтоолоор тогтоогдсон мөнгөн төлбөрийн хэмжээгээр хэдэн удаа хамрагдсанаас шалтгаалан хувьчилж мөнгөн төлбөрийг төлж барагдуулах ёстой.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журмыг Засгийн газар тогтооно.
КЕЙС:
Иргэн Б.Дорж АНУ-д магистрантурт суралцан төгсөөд эх орондоо ирж, Гадаад хэргийн яаманд ажиллах хүсэлтээ гаргахад Төрийн албаны тухай хуулийн дагуу цэргийн алба хаагүй шалтгаанаар татгалзсан хариу авсан.
Б.Дорж өөрийн оршин суугаа БЗД-ын ЗДТГ-ын Цэргийн штабт цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах хүсэлтээ гаргасныг, цэргийн штаб ижил төстэй хүсэлтийн хамт Засаг даргад уламжлан, захирамж гаргуулсан. Тухайн иргэн 31 настай бөгөөд 2014 онд 26 нас хүрч, түүнээс өмнө цэрэг татлагад 2 удаа хамрагдсан.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар тогтоолоор цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөний хэмжээ 4.413.314 төгрөгөөр тогтсон. Иргэн Б.Дорж тухайн жилийн мөнгөн төлбөрийн хэмжээ, цэрэг татлагад 2 удаа хамрагдсан байдлаас шалтгаалан 74 хувиар тогтож 3265852 төгрөгийн төлбөр төлөх тухай захирамжид заагджээ.
Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер хошууч Г.Батмагнай мөнгөн төлбөр төлөх тухай мэдэгдэх хуудсыг иргэн Б.Доржид хүргэсэн. Б.Дорж мөнгөн төлбөрийг ээлжит цэрэг татлагын өмнө Санхүү, төрийн сангийн хэлтсийн дансанд шилжүүлэн барагдуулж дуусах ёстой хэдийч нэг сарын хугацаанд 2 хуваан хийж дуусган, төлбөр барагдуулсан тухай баталгаажилтыг Цэрийн штаб, Санхүү, төрийн сангийн хэлтсийн албан тушаалтанаар цэргийн үүрэгтний үнэмлэхэд хийлгэн төрийн албанд ажилах нөхцөл бүрдсэн.
Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулсан хаасан иргэн Б.Дорж дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтад хамрагдах ёстой бөгөөд суралцах хугацаанд түүний ажлын байрыг хадгалах, цалин хөлсийг зохих журмын дагуу олгох асуудлыг ажил олгогч хүлээнэ.
Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтад хамрагдсан иргэн Б.Дорж дайчилгааны 2 зэргийн бэлтгэл үүрэгтэнгээр данслагдан, жил бүрийн цэргийн тоо бүртгэлд хамрагдаж эх оронд аюул тулгарсан үед өөрийн эзэмшсэн мэдлэг туршлагаа зориулах үүрэгтэй. Хэрэв цэргийн тоо бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлнэ.