ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА

Монгол улсын Үндсэн хуулиар иргэн бүрийн биелүүлэх журамт үүргийн дагуу  18 нас хүрсэн Монгол улсын иргэн Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт биеэр алба хаана. Алба хаах хугацаа 12 сар /цэргийн анги салбарт анх хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацаа/ байх бөгөөд иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 26 байна.

Хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил мэргэжил эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангах асуудлыг Зэвсэгт хүчний тухай хуулийн 7.4 дэх хэсэгт заасан байдаг.

Хугацаат цэргийн алба хаах хугацаа нь төрд ажилласанаар тооцогдож энэхүү хугацаанд:

  • нийгмийн даатгал;
  • эрүүл мэндийн даатгал;
  • тусгай хувцас хэрэглэл;
  • хоол хүнс;
  • амралтын байр;
  • цэргийн мэргэжил эзэмших танхим, сургалтын материал хэрэгсэлээр хангагдах асуудлыг тухайн Зэвсэгт хүчний анги, салбар бүрэн хариуцна.

Цэрэг татлага:

Цэргийн жинхэнэ албанд тухайн жил татах иргэний тоо, татлага явуулах ээлж, хугацааг Засгийн газар тогтоооно.

Хугацаат цэргийн албанд татагдагчийг цэрэг татлагын байранд ирсэн байх өдөр, цагийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтооно.

 Цэргийн албанд татагдагч тогтоосон цаг хугацаанд цэрэг татлагын байранд ирсэн байх үүрэгтэй.

Харин цэргийн насны иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэт аюул, осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын тодорхойлолт, эмчийн магадлагаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантайгаар тооцно.

 Цэрэг татлагын үед оршин суугаа газраасаа өөр газарт түр яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн Цэргийн штаб /цэрэг татлагын байр/-т очиж бүртгүүлэх үүрэгтэй.

Байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан ажилтнаа ажлаас чөлөөлөн тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд, эсхүл товлосон газар ирүүлэх үүрэг хүлээнэ.

Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараах үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно:

  • ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;
  • 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;
  • сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;
  • эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
  • хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;
  • хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
  • гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг.

Цэргийн сургуулийн оюутан суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшсэн бол түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцно.