МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

108

Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд БНЭУ-д зохион байгуулагдсан Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт, мөн “Аэро Энэтхэг-2025” батлан хамгаалахын 15 дахь удаагийн олон улсын арга хэмжээнд тус тус амжилттай оролцлоо.

Монгол Улс, БНЭУ-ын БХЯ-д хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж, бүс нутгийн аюулгүй байдал, хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар илэн далангүй санал солилцож, хоёр орны цэргийн итгэлцлийг бэхжүүлсэн, тодорхой тохиролцоонд хүрсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж харилцан цохон тэмдэглэв.

Бригадын генерал Д.Ганхуяг манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тохиролцсон үр дүнтэй Зөвлөлдөх уулзалт болсоныг онцлоод Монгол, Энэтхэг хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, шинэ шатанд гаргахад Батлан хамгаалах яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийллээ.