Т.Эрдэнэхангай: ХЭЦҮҮ БЭРХИЙГ ТУУЛАН БАЙЖ ЗҮҮСЭН ЦОЛ, ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ЭЗЭН БАЙНА

137

 

Энэтхэг Улсын тусгай хүчний сургууль буюу “СOMMANDO”-г Монгол Улсын Зэвсэгт хүчнээс амжилттай дүүргэсэн ахлах дэслэгч Т.Эрдэнэхангайг онцолж байна.

Эхлээд “СOMMANDO” гэх энэхүү сургуулийнхаа талаар манай уншигчдад товч мэдээлэл хүргэх нь зүйтэй байх.

-Баярлалаа. Дэлхийн ll дайны дараагаар 1947 онд Их Британийн Энэтхэг дэх ноёрхол эцэс болж Энэтхэг Улс нь шашны талцлын дагуу хиндичүүд олонхтой Энэтхэг Улс ба мусульман шашинтны цөөнхтэй Пакистан Улс болж хуваагдсан. Хоёр улс тусгаар тогтносноос хойш гурван удаагийн томоохон зэвсэгт мөргөлдөөн болсон байдаг. Үндсэндээ 70 жилийн турш энэхүү хоёр улс нь таагүй, хурцадмал харилцаатай байгаа юм. Энэтхэг Улс нь баруун хойд хэсгээрээ Пакистан Улстай уул, ширэнгэн ой хэсгээр хиллэдэг. Иймд 1965 оноос Энэтхэг Улсын Зэвсэгт хүчин нь дотооддоо элит түвшний шилмэл дайчдыг бэлтгэж тус бүс нутагт байлдааны болон хорлон сүйтгэх ажиллагаа явуулах хүрээнд “СOMMANDO” гэх тусгай хүчний сургуулийг АНУ-ын явган цэргийн “Рейнжер” сургуулиас санаа авч үүсгэн байгуулсан түүхтэй юм билээ. Тус сургуулийн сургалтын гол баримталдаг зарчим нь ямар ч газар орон, цаг уур, хүнд хэцүү нөхцөл байдлыг үл хамааран үүрэг гүйцэтгэх, түүнийг даван туулах чадвартай, тэсвэр хатуужилтай шилдэг цэргийн алба хаагчдыг бэлтгэхэд оршдог. Иймд 35 хоногийн хугацаатай үргэлжилдэг тус сургууль нь цэргийн алба хаагчдыг өдөрт 23 цагийн бэлтгэл, сургалтад хамруулж, үлдсэн нэг цагт л амрах боломж олгодог.

Бэлтгэл, сургалт хэрхэн явагддаг талаар илүү тодруулаач.  Хоногийн 24 цагийн 23-т нь байнгын бэлтгэл сургалттай байдаг гэхээр нэлээд чанга сонсогдож байна.

-Энэтхэг Улсын Зэвсэгт хүчин цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужлыг нойр, гүйлт, бэлтгэл сургалтад хамрагдаж байгаа байдал, сахилга батаар нь дүгнэдэг. Асар хүнд бэлтгэл, сургалтад хамрагдсан хүмүүс маш бага цагийн амралттай удаан явах үед дотоод мөн чанар нь танигддаг. Товчхондоо дайсанд олзлогдон амь тэнссэн үед ухаалаг шийдвэр гаргах уу эсвэл хар амиа бодож буруу зам руу нөхдөө хөтлөх үү гэдэг нь энэ үед харагдах боломжтой. Иймд цэргийн алба хаагчдыг байж болох хамгийн хүнд хэцүү нөхцөлд бэлтгэх нь сэтгэлзүйн бэлтгэлжилтийн хувьд шинэ түвшинд гаргадаг. 5, 10, 20, 30, 40 километрийн зайд 20 килограмм ачаа, хувийн зэвсэглэлтэйгээр гүйлт хийх, 1,5 км зайтай саадын зурваст 24 удаагийн саадыг туулж 400 метрт хурд хийсний дараагаар буудлага хийх мөн офицеруудын хувьд өдөр болгон байлдааны төлөвлөгөө боловсруулж, тушаал гаргах дадлага сургалт явагддаг. Түүнчлэн газрын зураг дээр өгөгдсөн байршлыг олох даалгавруудыг гүйцэтгүүлдэг. Миний хувьд суралцах хугацаандаа гурван удаа тус байршил олох даалгаврыг 30-40км зайнд ширэнгэн ойд гүйцэтгэсэн. Эхний хоёр удаа GPS буюу байршил тогтоох систем, луужин гэх мэт хэрэгслүүдийг ашигласан. Сүүлийнх дээр 48 цаг амралтгүй бэлтгэл сургалтад хамрагдсаны дараагаар ямар ч хэрэгсэл ашиглахгүйгээр газрын зураг дээрх байршлыг олж очих даалгавар ирсэн. Ядарч, сульдсан үед тэрхүү газрын зургийг нэг минут л хараад өгөгдсөн цэгүүдийг олно гэдэг амаргүй байсан. Энэхүү байршил тогтоох, олох даалгаврын зорилго нь цэргийн алба хаагчид барьцаалагдсан үед хэрхэн оргож, амь гарах арга, ухаан, чадварт сургадгаараа онцлог. Мөн 35 өдрийн 21-т нь Тротилийг ашиглан дайсны холбооны хэрэгсэл, онц чухал объектуудыг устгах зорилготой тэсэлгээний хичээлийг ордог. Цэргийн алба хаагчдын өндрөөс айх айдсаа даван туулахад зориулагдсан олсны хичээл, усны сургалт, тэнцвэрийн хичээл гэх мэт сургалтууд мөн явагддаг.

Өдөрт нэг цагийн нойртой, зарим үед нь 2-3 хоног унтахгүй бэлтгэл, сургалтад хамрагдах үед та болон хамтран зүтгэгч нөхдөд тань ямар нэг өөрчлөлт ажиглагдаж байв уу?

-10-13 хоног дээр хий юм сонсож эхэлсэн. Сэрүүн байх үед монгол хүмүүс юм ярих, миний нэрийг дуудах гэх мэт зүйлс тохиолдсон. Сургууль эхлэхэд “COMMANDO”-ийн эмч нар бага нойртой, өндөр ачаалалтай бэлтгэл, сургалтад хамрагдах учир хий юм харах, сонсох шинж тэмдгүүд илэрнэ гэж хэлж байсан болохоор ард нь даваад гарсан. Мөн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдэн оршдог Лесотогийн Хаант Улсаас ирж сургуульд хамрагдсан хоёр цэргийн алба хаагч 9 дэх хоногийн үед ширэнгэн ой дотор хий юм харсан байдаг. Миний хувьд нойр бол юугаар ч орлуулж болдоггүй чухал зүйл гэдгийг тэнд очоод мэдэрсэн дээ. Сэтгэл зүй, бие бялдар, цэргийн хэргийн мэдлэгээрээ шилдэг залуус ч өөрийн эрхгүй зогсоогоороо зүүрмэглэх, алхаж явахдаа замаасаа гарах, замын хажуу гуу жалга руу унах тохиолдлууд гардаг. Миний хувьд тавхан минут унтсан ч түүнийгээ урт хугацаагаар гүн нойр авчихлаа гэх байдлаар хүлээн авч сэтгэл зүйгээ бэлтгэсээр давсан. Багш нар ч тэр, хамт суралцсан бусад улс орны цэргүүд ч тэр монгол цэргүүдийг асар их үнэлдэг. Эрт дээр үеэсээ Монголчууд дэлхийн талыг эзэлж явсан баатарлаг түүхтэй, дайтах урлаг, тактикийн хувьд гарамгай, дайчин, эр зоригтой гэж мэддэг, тэр ч үнэлэмжээрээ биднийг үнэлдэг учраас монгол цэргийн нэр хүндийг бодож манлайлж суралцахыг хичээсэн. Нойр бол хүний анхдагч хэрэгцээ шүү дээ. Олон хоног нойргүй явчихаар бэлтгэл сургуулийн үеэр яалт ч үгүй л зүүрмэглэнэ биз дээ? -Хэрэв унтвал газар дээр нь сургагч багш нар шийтгэдэг, ерөнхийдөө дэглэдэг гэж хэлж болно. Муу ус руу оруулах, галуун цуваагаар явуулах, гурван цэгийн зогсолт хийлгэх гэх мэт. Ирээдүйд “COMMANDO” эсвэл бусад улс орны тусгай хүчний сургуулийг дүүргэх хүсэл сонирхолтой залуусаа уриалан дуудах бус мохоочих вий гэж бодож байгаа учир ихэнх зүйлсийг энд дурдсангүй. Гэхдээ цэргийн алба хаагч гэдэг улс эх орныхоо төлөө амиа өргөх тангарагтай. Хамгийн хүнд хэцүү нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэх чадвартай байх ёстой учир залуустаа хандаж хэлэхэд амьдралаа Зэвсэгт хүчинтэй холбосон л бол төрөл бүрээр өөрийгөө хөгжүүлж хүнд хэцүү бэрхийг туулж байж зүүсэн цол, өргөсөн тангарагтаа эзэн байх болов уу гэж бодож байна.

Дэслэгч Ө.НАСАНТОГТОХ