✅ УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут 07 дугаар сарын 02-ны өдөр Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.
✅ Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Манай улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнд талархаж байна” гэсэн юм. Цаашид батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
✅ Элчин сайд Ричард Буанган Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Батлан хамгаалахын сайдаар томилогдсонд нь баяр хүргэлээ. Тэрээр батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд идэвх санаачилгатай ажиллахаа онцолсон юм.
✅ Уулзалтын төгсгөлд АНУ-ын элчин сайдын яамны Батлан хамгаалах атташе, дэд хурандаа Брайн Харт-д томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлж, “Цэргийн хамтын ажиллагааны медаль”-иар шагнаж, гардуулан өглөө.