УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2025.07.06/ Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангийг Сэлэнгэ аймгийн Сант сумруу нүүлгэн шилжүүлэх ажлын явцтай танилцлаа.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус ангийг шилжүүлэн байрлуулах, барилга байгууламжтай танилцаж шаардлагатай бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр 110 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй танилцахаас гадна Сант сумын нутгийн ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаашид иргэн цэргийн харилцааг улам бэхжүүлэх, Сант сумын нутгийн иргэдийн газар тариалан эрхлэх нөр их ажилд нь тусалж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Тус ангийг Сэлэнгэ аймгийн Сант суманд нүүлгэн шилжүүлснээр алба хаагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, зэвсэгт хүчний жишиг ангийг байгуулах боломж бүрдэх юм.
Түүнчлэн Сант сумын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулах, шинээр ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.