Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой”-г тохиолдуулан “Энхийг сахиулагч цэрэг – Монгол цэрэг дэлхийн цэрэг” сэдэвт “ОНЦГОЙ АМРАЛТ-2025” реалити шоуг Ерөнхийлөгчийн тамгын газар, БХЯ, ЗХЖШ, МҮОНРТ, ҮБХИС хамтран 2025 оны 08 дугаар сарын 12-19-ны өдрүүдэд ҮБХИС-ийн Шонхор зулсанд амжилттай зохион байгуулан явууллаа. Тус арга хэмжээнд нийслэл Улаанбаатар хотоос 82, Өвөрхангай, Архангай, Увс, Өмнөговь, Хэнтий, Орхон, Завхан, Төв, Дархан уул аймгуудаас 18-н нийт 100 ахлах ангийн сурагчид оролцлоо. Сурагчид 7 хоногийн хугацаанд үзэсгэлэнт байгальд Эх орноороо бахархаж, цахим хэрэглээнээс татгалзан амьд харилцааг чухалчлан баяр хөөртэй байж, байгалийн эрс тэс цаг уурт дасан зохицож, олон шинэ сорилттой нүүр тулгарч сургагч багш нарын удирдлага дор “Энхийг сахиулах ажиллагаа”, “Олс, өндрийн аврилт”, “Робот ба дроны оператор”, “Байгальд амьд гарах арга, ухаан” зэрэг сэдэвт сургалтуудад хамрагдан цогцолбор тэмцээнүүдийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж шилдэг сурагчдыг тодрууллаа.
Онцгой амралтын үеэр сурагчдын дунд “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой”, “Монголын ард түмний бахархалт тамирчдын алдар амжилтын түүх”, “Даян дэлхийн энхийг сахиулагчдийн ариун үйлс” зэрэг сэдвээр ярилцлага зохион байгуулав.
Цогцолбор тэмцээний нийлбэр дүнгээр шилдэг сурагчид шалгарч ҮБХИС-ийн Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Нямдэлгэрийн Тайвантүвшин, Дотоод хэргийн их сургуулийн Ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Намнандоржийн Молом, Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч Калинаагийн Марат нар ОХУ-ын цэргийн сургуульд, СБД-ийн 4-р сургуулийн 12-р ангийн сурагч Батцэрэнгийн Энэрэлт ХУД-ийн 15-р сургуулийн 12-р ангийн сурагч Ургахнарангийн Цолмон нар ҮБХИС-д цэргийн мэргэжлээр суралцах эрхээр шагнууллаа. Тэмцээний хаалтын ажиллагаанд БХЯ-ны Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга, доктор (Ph.D), хурандаа Р.Энхболд, ЗХЖШ-ийн Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ж.Лхагвасүрэн, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор (Ph.D), хурандаа Д.Бат-Эрдэнэ, МҮОНРТ-ийн продюсер Б.Мөнхзул нар оролцож нийт сурагчдад амжилт хүслээ.