Монгол улсад анх удаа Номхон далайн улс орнуудын Ар талын дарга нарын олон улсын чуулга уулзалт /PASOLS-54/ боллоо.
Энэ удаагийн чуулга уулзалт “Хүмүүнлэгийн тусламж ба байгалийн гамшиг, ослын үеийн хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх” сэдвийн хүрээнд явагдаж, бүс нутгийн ирээдүйн аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа бүтээх, хямралт байдлыг хамтдаа даван туулах зорилгоор зохион байгуулагдсан юм.
Тус чуулга уулзалт нь 1971 оноос эхлэн дэлхийн олон улсад зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчин нь 1994 онд 18 дахь гишүүн орноор нэгдэн орсон түүхтэй.
Энэхүү чуулга уулзалтаар гишүүн орнууд алслагдсан газар оронд, хатуу ширүүн орчин нөхцөлд харилцан ажиллах чадавхыг бүрдүүлэх төлөвлөлтийг боловсруулах, олон улсын түвшинд хүмүүнлэгийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, хангалтыг хүргэх туршлага солилцох зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн нь бүс нутгийн орнуудын итгэлцлийг бүрдүүлж, чадавхжуулахад чухал ач холбогдолтой юм.
Номхон далайн улс орнуудын Ар талын дарга нарын олон улсын 54 дэх чуулга уулзалтыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн командлалын хамтран зохион байгууллаа.




