ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖИЙГ ГАРДУУЛАВ

281
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 109 жилийн ойн өдрийг тохиолдуулж Батлан хамгаалах салбарын зарим алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмад дайчдад орон сууцны батламж гардууллаа.
Тодруулбал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав, ҮБХИС-ийн багш асан, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, А.Гэлэгжамц, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ахлагч Б.Хосбаяр, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хошууч О.Гүндэгмаа, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ахлах дэслэгч Д.Цэрэнханд, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Одончимэг, Зэвсэгт хүчний 026 дугаар ангийн жолооч асан, Монгол Улсын гавьяат тээвэрчин, чөлөөнд байгаа сургагч ахлагч Б.Хандаа зэрэг эрхэлсэн ажил, мэргэжилдээ амжилт гарган, төрийн өндөр гавьяа, шагнал хүртсэн 21 хүнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгууллагын мэдлийн орон сууцыг нэн хөнгөлөлттэй үнээр хувьчлах боломжийг олгож буй юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Миний бие Батлан хамгаалахын сайдаар томилогдсоноос хойш салбарынхаа генерал, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчид, ахмад дайчдынхаа нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, ажиллаж амьдрах ая тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэх талаар багагүй ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэгдсэн “Орон сууц хувьчлах тухай” 56 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж байгууллагын мэдлийн 592 орон сууцыг оршин суугчдад нь үнэгүй болон нэн хөнгөлөлттэй үнээр болон хувьчлах асуудлыг шийдлээ. Айлчлан ирж буй 2021 оны босгон дээр та бүхэндээ одоогийн амьдарч буй байгууллагын мэдлийн орон сууцыг тань тусгайлан нэн хөнгөлөлттэй үнээр эзэмшүүлэх шийдвэр гаргаж, ийнхүү уулзаж байгаадаа миний бие туйлын баяртай байна” гээд дээрх алба хаагчдад ажлын амжилт хүслээ.