Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрушанскийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэхдээ “Унгар Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Монголын ард түмний талаар өргөн мэдлэгтэй түүхч, судлаач, эрдэмтэн хүн томилогдон ажиллах болсонд талархалтай байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн Монгол Улс, Унгар улстай дипломат харилцаа тогтоогоод 70 гаруй жил болсон. Иймд цэргийн салбарт хамтран ажиллах эрх зүйн орчин, хамтын ажиллагаа явуулах бүх нөхцөл бололцоо бүрдсэн тул харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлэх өргөн бололцоотой гэдгээ илэрхийлээд, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
Элчин сайд Др.Борбала Обрушанский Батлан хамгаалахын сайдад хариу талархал илэрхийлээд, Монгол Улстай тогтоосон хамтын ажиллагаа олон жилийн турш тасралтгүй хөгжиж ирсэнд баяртай байгаагаа илэрхийлэн, цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, тэр дундаа цэргийн боловсрол, эрүүл мэнд, түүх, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээрх хамтын ажиллагааг хөгжүүлж, илүү олон чиглэлд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР