Батлан хамгаалах яамны Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газраас “Байгууллагын дотоод хяналтыг зохион байгуулах, үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 18-19-нд зохион байгууллаа. Сургалтад Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ХШҮДАГ-ын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, Батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон Батлан хамгаалах яамны харьяа байгууллагуудын удирдлага, дотоод хяналт, шалгалт хариуцсан албан тушаалтнууд хамрагдав.
Хурандаа Ж.Болдбаатар цахим сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү сургалт нь COVID-19-ийн үед цахимаар явагдаж байгаагаараа онцлог. Мөн байгууллагуудад дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулахын ач холбогдлыг ойлгуулах, албан тушаалтнуудын төрийн өмчийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай холбоотой үүргийн биелэлт болон санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил, дутагдлыг засч залруулахад энэхүү сургалтын зорилго, үр нөлөө чиглэгдэж байна” гэлээ.
Цахим сургалтын үеэр Сангийн яам, Авлигатай тэмцэх газар, Монголын мэргэшсэн дотоод хяналтын институт болон Батлан хамгаалах яамны ХШҮДАГ-ын дотоод аудит хариуцсан албан тушаалтнууд онлайнаар илтгэл, лекц тавьж хэлэлцүүлсэн юм. Төгсгөлд нь хурандаа Б.Эрхэмбаяр “Батлан хамгаалахын сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хяналт, шалгалтын тогтолцоог бэхжүүлэх, хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх дотоод аудитын хорооны хурлаар хяналт, шалгалтын дүнг хэлэлцэн шийдвэрлэж, зөрчил дутагдлыг арилгах, таслан зогсоох, харьяа төсөвт болон төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах тэднийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжөөр хангах ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байгаа” гээд сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.
Дашрамд дурдахад, 2020 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Батлан хамгаалахын дотоод, хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам, “Батлан хамгаалахын дотоод аудит, санхүүгийн хяналт, шалгалтын журам” тус тус шинэчлэн батлагдаж, сайдын эрхлэх асуудлын хүрээний нийт төсөвт болон төрийн өмчит байгууллагын үйл ажиллагаанд хууль, тогтоомжийн дагуу үр нөлөөтэй хяналт, шалгалтыг нэгдмэл төлөвлөлт, уялдаа холбоотойгоор явуулах зохион байгуулалтын асуудлууд шийдвэрлэгдэж, эрх зүйн орчин бүрдсэн аж.