С.Ганбямба: 2021 ОНД БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

3092

2021 он “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гарааны бөгөөд эхний үр дүнг батлан харуулах жил байх болно.

БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа С.Ганбямбатай Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжлийн асуудлаар баримталж буй бодлогын талаар ярилцлаа.

“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан 2021 онд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд ямар гол ажил, арга хэмжээ хэрэгжих вэ?

-Энэ оны хувьд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг биелүүлэх гарааны жил юм. Тиймээс БХЯ энэ оны үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг “Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн дээр улс орныг батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн хэрэгжилтийг хангана” хэмээн тодорхойлж, нэлээд ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Юуны түрүүнд Батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэх ажлыг дурдах нь зүйтэй байх.

Энэ онд бид Зэвсэгт хүчний тухай, Тагнуулын байгууллагын тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай, Газрын төлбөрийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байгаа юм. Үүнийг хууль тус бүрээр нь тайлбарлавал уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу.

Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Энэхүү хуулиар “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-г Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай сангийн төрөлд хамааруулж, бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг Зэвсэгт хүчний тухай хуулиар, нийтлэг харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай  хуулиар зохицуулах эрх зүйн зохицуулалтыг хийж байгаа юм. Шинэ зохицуулалтаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа цэргийн алба хаагч залуусын цалин, орлогыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаад байгаа зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшинг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хувьд 2015 онд Тагнуулын байгууллагын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 95 жилийн түүхтэй цэргийн тагнуулын байгууллагыг Тагнуулын ерөнхий газрын бүтцэд шилжүүлсэн нь олон улсын жишиг, стандарт, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагад нийцээгүй буруу шийдвэр болсныг залруулах асуудал бидэнд тулгарсан. Хуулийн энэхүү гажуудлыг арилгах, түүнчлэн Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УИХ-аар 2015 онд батлагдсан Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын багц хуулийн шинэчлэл, өөрчлөлттэй нийцүүлэх, эрх зүйн цогц байдлыг хангах үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Үүний үр дүнд Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, нэгтгэл, анги, салбарын ерөнхий цэргийн тагнуулын дарга, салбар, нэгжийг иж бүрэн, мэргэжлийн удирдлагаар удирдан зохион байгуулах боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхолд нийцсэн цэрэг-улс төрийн тагнуулын мэдээллээр төр, засгийн болон Зэвсэгт хүчний удирдлагыг шуурхай, тасралтгүй хангах нөхцөл бүрдэнэ.

2017 онд Монгол Улсын төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах арга хэмжээний хүрээнд Олон улсын валютын сангийн хөнгөлөлттэй зээлийн /Stand-by/ хөтөлбөрт хамрагдах нөхцөл, шаардлагын дагуу УИХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн чуулганы хуралдаанаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, цэргийн алба хаагчийн эрх зүйн баталгаа, нийгмийн хамгааллыг сулруулсан байдаг. Энэ онд цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүчингүй болгосон эрх зүйн  зохицуулалтыг сэргээх юм. Тухайлбал, цэргийн анги, байгууллага, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчийг орон сууцаар хангаагүй бол тухайн орон нутагт орон сууц, гэр, байшин хөлслөх түрээсийн төлбөрийг 12 хавтгай дөрвөлжин метрээр тооцож цэргийн анги, байгууллага олгох, гадаадын цэргийн сургуульд суралцагч офицер, ахлагчийн суралцах хугацааны ирэх, буцах тээврийн зардлаас гадна цалин хөлсийг төр хариуцах, алслагдсан анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагч нарт нэг удаагийн мөнгөн урамшууллыг тэдний сарын үндсэн цалингаас 50 хувь, суурин бус газар байрладаг цэргийн анги, салбарт 35 хувь, нийслэл, улсын чанартай хотоос бусад суурин газарт байрладаг цэргийн анги, салбарт 25 хувиар бодож нэгтгэн таван жил тутамд олгох зэрэг эрх зүйн зохицуулалтыг эргэн сэргээснээр цэргийн алба хаагчийн нийгмийн баталгаа тодорхой хэмжээгээр дээшлэх сайн талтай.

Дээрх хуулиудаас гадна Газрын төлбөрийн тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шийдвэрлүүлнэ. Эдгээр хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах гол зохицуулалт нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага тусгай хэрэгцээний газрын төлбөрөөс чөлөөлөгдөх, Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын хэрэгцээнд зориулан гадаад улсаас худалдан авч байгаа цэргийн зориулалттай бүтээгдэхүүн, зэвсэглэл, тусгай техник хэрэгсэл, галт хэрэглэл, сэлбэгийг холбогдох татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор зорьж байна.

Уншигчдад Батлан хамгаалахын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Одоо Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх чиглэлээр ямар төлөвлөлт хийгдэж байгаа талаар тодруулна уу?

-БХЯ, ЗХЖШ хамтран Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг болох “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2024 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Үндсэндээ төрийн батлан хамгаалах бодлогоор тодорхойлсон “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” бодлогын зорилтыг хангахад энэ хөтөлбөр чиглэгдэнэ. Түүнчлэн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Батлан хамгаалахын зорилт, үйл ажиллагааны эхний шат, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” урт хугацааны бодлогын баримт бичгийн хөгжлийн стратегийг хангах хоёр дахь үе шат тус тус энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих юм.

Төрийн бодлого, стратегитай нийцүүлэн хөтөлбөрийн зорилгыг “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн, чадварлаг болон хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж, зэвсэглэл, цэргийн техникийн шинэчлэлийг эрчимжүүлж, Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

Зэвсэгт хүчний нэгдмэл удирдлага, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрлийн цэргийн бие даасан байдлыг хангах, ялангуяа шинэ төрлийн цэрэг болох тусгай хүчний болон кибер аюулгүй байдлын цэргийг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх, бие бүрэлдэхүүнийг чадваржуулах, тэдний ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, бүтээн байгуулалт болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх, материал техникийн хангалт, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдэж байгаагаараа хөтөлбөр нэлээд онцлогтой.

Улс орны стратегийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний оролцоо жил бүр нэмэгдэж байгааг Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах нефть боловсруулах үйлдвэрийн 17,5 километр хүнд даацын авто зам, Дорнод аймгийн Халх гол сумын “Шинэ сум” төсөл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт харуулж байна. Цаашид энэ оролцоо хэрхэн үргэлжлэх вэ?

-Таны хэлсэнчлэн Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэрэг улс орныг хөгжүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалтад оролцоод удаагүй хэдий ч төрөөс даалгасан хэд хэдэн томоохон төслийг гүйцэтгэж, хүн хүч, техник, тоног төхөөрөмжийн хувьд тодорхой хэмжээнд бэхжиж чадсан гэж үзэж байгаа. БХЯ-наас цаашид ч улс орныг хөгжүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалтад анги, салбар, бие бүрэлдэхүүнийг оролцуулах бодлогыг барина.

Тухайлбал, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” баримт бичгийн хүрээнд Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 404 километр төмөр замын доод суурь бүтцийг барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд манай барилга-инженерийн цэрэг энэ жил оролцож эхэлнэ. Энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлаас дутахгүй тооны өртөө, зөрлөгийн барилга, үерийн ус зайлуулах хоолой барьж байгуулах бол 40 орчим сая метр куб газар шорооны ажил хийхээр урьдчилан төлөвлөөд байна.

2020 онд “Ковид-19” цар тахлаас шалтгаалаад манай улсад явагддаг олон улсын нэлээд сургалт, дадлага тасарсан. Тэгвэл энэ жил ямар бодлого барих вэ?

-Энэ онд энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт, дадлагыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн талаар давхар ярих нь зүйтэй байх. 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс БНӨСУ, ИБНАУ-д явагдаж буй энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн багийн оролцоогоо хадгалахын зэрэгцээ энхийг сахиулах ажиллагаанд цэргийн  ажиглагч, штабын офицер, ахлагчийг урьдын адил үргэлжлүүлэн оролцуулна. Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчнээс “Түргэн байрлах хүчний рот”-ыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаар төлөвлөж байгаа. Энэ асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлсний дараа НҮБ-тай санамж бичиг байгуулснаар цэргийн багаа илгээх асуудал тодорхой болно.

Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалж 2020 онд төлөвлөсөн олон улсын хамтарсан 48 сургалт, дадлага явагдаагүй. Тиймээс энэ  онд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон улсын хамтарсан сургалт, дадлагыг урьд жилийнхээс 60 гаруй хувиар бага буюу Монгол Улсад 14, гадаад улсад таван удаагийн олон улсын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулахаар төлөвлөж, Засгийн газраар шийдвэрлүүлсэн.

Дээрх шийдвэрийн дагуу 2021 онд өөрийн оронд “Хааны эрэлд”, “Баланс мэжик” зэрэг олон улсын сургалт, дадлага, “Аравт”, “Цэргийн авто ралли” гэх мэт олон улсын уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бол ОХУ-д “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургуулийг явуулна. Мөн “Танкийн биатлон” тэмцээнд ч Зэвсэгт хүчнээс алба хаагчид оролцоно.

Манай улсад зохион байгуулагдах олон улсын хамтарсан сургалт, дадлагад оролцох гадаадын цэргийн алба хаагчдыг “Ковид-19” вирусын эсрэг вакцин тариулсан байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд сургалт, дадлагыг халдвар хамгааллын дэглэм, ариутгал, халдваргүйтгэлийн горимыг чанд сахин зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт, дадлагад цэргийн баг, цэргийн алба хаагчийг оролцуулах нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлал, “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт тусгагдсан “… Улс төр-дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах” төрийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагаатай улсуудтай харилцах харилцаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх, боломжийг нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах өндөр ач холбогдолтой юм.

Батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох орон нутгийн хамгаалалт, дайчилгааны чиглэлээр хийгдэх ямар томоохон ажлууд хүлээгдэж байна вэ?

-“Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд дайчилгааны төлөвлөлтийг шинэчлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ онд “Улсын дайчилгааны нэгдсэн төлөвлөгөө”-г шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Үүний хүрээнд саяхан Засгийн газраар төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай хэрэгцээ, хангалтын нормыг шинэчлэн батлуулаад байна.

Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн хүрээнд 2020 онд аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-тэй болсон. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн нийтлэг дүрэм”, “Орон нутгийн хамгаалалтын сургалт зохион байгуулах журам”-ыг тус тус  баталгаажуулсан. Дээрх эрх зүйн актуудын хүрээнд 2021 оноос аймаг, нийслэлд орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжид иргэн, хуулийн этгээдийг томилгоожуулах, галт зэвсэг, техник, материал хэрэгслийг даалгаваржуулах, сургалт бэлтгэлийг зохион байгуулах ажлууд хийгдэж эхлэх юм.

Түүнчлэн Дайчилгааны тухай хуульд заасан үечлэлийн дагуу энэ онд аймаг, нийслэлийн Засаг дарга болон сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай цэрэг-стратегийн болон цэргийн бэлтгэл сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна.

Өнгөрсөн онд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан УОК-ын шийдвэрээр “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт явагдаагүй. Олон түмний хүлээлт, оюутан залуучуудын хүсэл, саналыг харгалзан энэ онд “Цэргийн ерөнхий бэлтгэл” буюу онолын сургалтыг цахим хэлбэрээр, “Цэргийн мэргэжлийн бэлтгэл”-ийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан нийслэлд болон Ховд, Орхон, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод аймгууд дахь Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн  зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгоход жинтэй хувь нэмэр оруулдаг Батлан хамгаалахын сайдын нэрэмжит, улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг энэ онд зохион байгуулна. Энэхүү тэмцээн хоёр шаттай явагдах бөгөөд эхний шат нь аймаг, орон нутагтаа, эцсийн шатны тэмцээнийг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар ажиллаж байна.

Батлан хамгаалах салбарын шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа, туршилтын ажлуудыг боловсронгуй, хүртээмжтэй болгох чиглэлээр бас нэлээд ажил өрнөх байх …

-Тэгэлгүй яах вэ, дэлхий дахины цэргийн шинжлэх ухаан, техник, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улсын аюулгүй байдал, улс орныг батлан хамгаалах эрх ашигт нийцсэн батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа, туршилтын ажлыг хөгжүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн суурийг шинжлэх ухааны үндэстэй тавих зорилгоор “Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021-2030 онд хөгжүүлэх бодлого” урт хугацааны бодлогын баримт бичгийг энэ онд баталгаажуулан хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү бодлогын баримт бичгийн үзэл санаа нь Монголын цэргийн шинжлэх ухаан, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, бусад улсын дэвшилтэт технологийг инновац шингээх замаар нутагшуулах, цэргийн зэвсэглэл, техникийг дотооддоо үйлдвэрлэх үндэс суурийг бодитойгоор бүрдүүлж, бэхжүүлэхэд орших юм.

Энэ дашрамд нэг уриалга хэлмээр байна. Жил бүрийн дөрөвдүгээр улиралд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан явагддаг. Энэхүү уралдаанд анги, хамт олноороо, багаараа, эсвэл бие дааж идэвхтэй оролцохыг цэргийн алба хаагчид, шинийг санаачлагчдадаа хандаж уриалъя. Сүүлийн жилүүдэд уралдаанд ирүүлж байгаа бүтээлийн тоо өсөхийн зэрэгцээ шинэ санаа дэвшүүлсэн, инноваци шингээсэн, төсөв хөрөнгө хэмнэсэн, Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх боломжтой бүтээл ихээр ирэх болсон. Энэ арга хэмжээ нь инженер, техникийн офицер, ахлагч нарын техникийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, албандаа хандах хандлагыг өөрчлөөд зогсохгүй зэвсэг техникийн шинэчлэлд багагүй түлхэц болдгийг онцлоход таатай байна.

Батлан хамгаалах аж үйлдвэрийн суурийг шинжлэх ухааны үндэстэй тавих тухай Та дээр дурдлаа. Ер нь батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ямар бодлого барьж байгаа тухайд тодотгоод яриагаа өндөрлөе …

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар тусгагдсан бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ” гэсэн дэд зорилтыг дэвшүүлсэн.

Цэргийн аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудыг харахад батлан хамгаалах хүчин чадлаа тогтмол нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрийн үйлдвэрийн зэвсэглэл, цэргийн техникээ экспортлох замаар цэргийн эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангаж байгаа юм. Бид ч энэ чиглэлд алсын хараагаа чиглүүлэх нь зүйтэй гэж боддог.

Эхний ээлжинд бид өөрсдийнхөө нөөц бололцоо, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцаж орчин үеийн цэргийн техник, технологийн суурь мэдлэгийг эзэмшсэн офицеруудаа түшиглэн орчин үеийн технологийн ололт, шийдлийг тодорхой хэмжээнд нутагшуулан нэвтрүүлэх замаар бага оврын байлдааны машин, тактикийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж, бага калибрын сум зэргийг үйлдвэрлэх судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн төвүүдийг байгуулах ажлыг эхлүүлнэ. Энэ талаар ЗХЖШ санаачилга гарган цэргийн зориулалттай хөнгөн хуягласан автомашин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн эхний загваруудыг зохион бүтээсэн нь маш олзуурхууштай. Цаашид энэ эрчээрээ үргэлжлүүлэн ажиллавал дотооддоо олноор үйлдвэрлэх нөхцөл бүрдэж, монгол цэргийн инженерийн ур ухаан дэлхий дахинд гайхагдах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Чухамдаа Зэвсэгт хүчин маань импортыг орлох цэргийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна цэргийн зориулалттай зарим бүтээгдэхүүнийг гадагш экспортлох хэмжээнд хүрнэ гэсэн алсын хараа байгаа юм.

Цаг гарган ярилцсанд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

-Баярлалаа, 2021 он “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн эхний үр дүнг батлан харуулах ажил, хөдөлмөрийн жил байх болно. БХЯ-ны энэ онд дэвшүүлсэн зорилго, зорилт, үйл ажиллагааны хэрэгжилт батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бүх шатны удирдлага, нийт алба хаагчдын санаачилга, хичээл зүтгэлийн хүчинд бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

Ахмад Д.Мэндбаяр