Г.Сайханбаяр: ЦЭРГИЙН БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУУЛЬ, ДҮРМИЙН ХҮРЭЭНД ЯВАГДАХ ЁСТОЙ

607

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “Цэргийн операцыг төлөвлөх, явуулах арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Удирдах бүрэлдэхүүний цугларалт цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан анх удаа цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хот, Төв аймгийн хэмжээнд дөрвөн газар районоос цахимаар хуралдаж байгаа юм. Энэхүү цугларалтын төгсгөлд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өглөө.

Тэрээр үүрэг, чиглэл өгөхийнхөө өмнө өнгөрсөн 2020 онд уг цугларалт “Стратегийн төлөвлөлт” сэдвээр, 2021 онд үүнтэйгээ уялдуулан “Операцын төлөвлөлт” сэдвийг сонгож авсан нь оновчтой болсныг онцлоод батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн “Улс орны батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, чадавхыг бэхжүүлэх” бодлогын зорилтыг хэрэгжүүлнэ. Энэ зорилт хэрэгжснээр 2050 он гэхэд Монгол Улсын Батлан хамгаалах тогтолцоо бүрэн төлөвшсөн, батлан хамгаалах аж үйлдвэрлэл хөгжсөн, нэгдмэл тогтолцоотой, технологижсон, өндөр чадамжтай Зэвсэгт хүчинтэй болсон байна” гэж үзэж байна. “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030” баримт бичигт “Цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах” гэсэн томоохон зорилтууд дэвшүүлсэн нь цэргийнхний бидний алсын хараа, стратегийн том бодлого, зорилго, зорилт юм. Салбарын сайдын ажлыг хүлээж аваад стратегийн том бодлого, зорилтуудаа үндэслэн дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг Засгийн газраар батлуулсныг та бүхэн мэднэ. Тэдгээр бодлогын баримт бичгүүд батлагдсанаар Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэл болоод хугацаат цэргийн алба хаасан иргэдэд давуу байдал олгох, Зэвсэгт хүчнийг орчин үеийн цэргийн зэвсэглэл, техникээр шат дараатай хангах, цэргийн шинжлэх ухаан, батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгааллыг нь дээшлүүлэх зэрэгт гол түлхэц болох учиртай” гэлээ. Яг энэ цаг үед гэхэд УИХ-ын чуулганаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, энэ жилдээ багтаж Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиас эхлээд хэд хэдэн хуульд, ирэх 4 жилд багтаж Цэргийн албаны тухай хууль, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай зэрэг 10 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэв.

Мөн тэрээр 2020 онд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ололт амжилтын талаар дурдсан бөгөөд ялангуяа ЗХЖШ-аас Зэвсэгт хүчний стратегийн удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон Батлан хамгаалахын сайдаар батлуулсан нь 2009 оноос хойш хүлээгдэж байсан стратегийн төлөвлөлтийг зориглон боловсруулж, батлуулсан нь том ажил байсныг онцоллоо. Үргэлжлүүлэн дэлхий нийтээр тархсан цар тахлын нөхцөл байдлаас үүдээд олон улсын болон хамтарсан сургалт дадлага, алба хаагчдын мэргэжлийн уралдаан тэмцээн, цугларалт, сургалт, гадаад хамтын ажиллагааны хүрээнд явагдах зарим арга хэмжээ тасалдсан ч, энэ онд цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлуудыг цохих түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа дурдлаа.Түүнчлэн салбарынхаа шинжлэх ухаан, технологи, инновац, судалгаа, туршилтын ажлыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхиилээд 2020 онд Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн төрөөс даалгасан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцсоныг онцоллоо. Цэргийнхэн богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж чадах юм байна гэдэг ойлголтыг нийгэм, ард иргэдэд түгээснээрээ энэ ажил цэргийнхний нэр хүндийг өндөрт өргөж байгаад талархалтай буйгаа дурдав.

    Батлан хамгаалахын сайдын зүгээс 2021 онд эрх зүйн шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэхээс гадна Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдал, нийгмийн хамгаалал руу чиглэсэн ажлуудыг төлөвлөсөн. Жишээлбэл, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын барилга, байгууламжуудыг орчин үеийн инженерчлэлийн шийдэл бүхий “Цэргийн хотхон”-ы стандартад үе шаттайгаар нийцүүлэн шинэчлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ ондоо багтаж Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 123, 234 дүгээр ангийг бригад, хороо, батальоны түвшний хотхоны стандартаар тохижуулахаар зорьж байна. Зэвсэгт хүчинд шинээр байгуулагдсан төрлийн цэргийг бэхжүүлэх, дүрмийг нь батлах, командлал бие даан үйл ажиллагаа явуулахад нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарч, эхнээс нь ул суурийг нь зөв тавихын төлөө бүх шатандаа хичээж ажиллах ёстой гэв.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний анхаарах зарим асуудлын талаар ч ярилаа. Нэгдүгээрт, цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог шинэчлэх, сургалтын технологийг өөрчлөх ажлыг түргэтгэж, бие бүрэлдэхүүний мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх ажлыг гол зорилтоо болгож ажилла. Тэр дундаа даргалах бүрэлдэхүүний стратеги, операц, тактикийн мэдлэгийг дээшлүүлэх, тухайн албан тушаалтны үүргээ чадамгай гүйцэтгэх чадвар эзэмшүүлэхэд анхаар. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний алба хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга хариуцлага, ажил албандаа хандах хандлагын талаар шат шатандаа онцгой анхаарал хандуул. Гуравдугаарт, цэргийн алба, цэргийн хөдөлмөрийн болон хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой осол, зөрчлийг гаргахгүй байхын төлөө Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага хатуу анхаар. Ер нь цэргийн бүх үйл ажиллагаа хууль, дүрмийн хүрээнд явагдах учиртай. Осол, зөрчил гаргасан хэн ч бай хариуцлага хүлээх учиртайг дахин сануулъя. Шат шатандаа анхаарах хэрэгтэй. БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудаас нэгтгэл, анги, байгууллагуудад өгсөн үүрэг, даалгавар, санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж чамлахааргүй олон байгаа ч, гагцхүү тэдгээрийг ажил хэрэг болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хэвшүүлэх бүх шатны захирагч, дарга, албан тушаалтнуудын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, дотоодын хяналт шалгалтын чанар, үр нөлөөг эрс сайжруулах, уг асуудалд цэргийн алба хаагч бүр ухамсартай хандахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн юм.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед улс орны эдийн засгийг дэмжих, төсвийн алдагдлыг бууруулах, гамшгийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэргүүдэд шилжсэн үед төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу, хэмнэлттэй зарцуулах, батлагдсан төсвийнхөө хүрээнд өмнөө тавигдсан зорилгоо биелүүлэх бодлого хэрэгжүүлж байгаатай уялдуулж, бүх шатанд төсвийн сахилга батыг чанд сахиж ажиллах үүрэг, хариуцлага та бидний өмнө байна гэдгийг нь ч нэмж тодотгосон юм.

Үүрэг, чиглэлийнхээ төгсгөлд тэрээр энэ онд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб гээд шат шатандаа ойн хүрээнд нэлээдгүй ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тэгэхээр та бүхэн маань төлөвлөгдсөн ажлуудаа ажил хэрэг болгох, ойг утга төгөлдөр, нийтэд хүртээмжтэй, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарч, Зэвсэгт хүчний ойн баярыг эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, амгалан тайван амьдралыг бий болгоход оруулсан Зэвсэгт хүчний үе үеийн цэргийн зүтгэлтэн, цэргийн алба хаагчдын оруулсан хувь нэмрийг сурталчлах, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй” гээд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүссэн юм.

Үүний дараа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ цэргийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага гэдэг ямар ч төсөв шаардлагагүй, зөвхөн тухайн албан тушаалтан, бие бүрэлдэхүүний ухамсар, албандаа хандах хандлага, сахилга бат байдаг учир энэ чиглэлд Зэвсэгт хүчний хэмжээнд онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгээ онцлон дурдсан юм.