ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

141

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс “Хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албаны төлөө” уриан дор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулахад чиглэсэн гарын авлага”-ыг танилцуулах сургалтыг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Цахим сургалтад Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Эрхэмбаяр, ахлах мэргэжилтэн Н.Баттөр, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга, хурандаа Т.Мөнхбаяр нар болон бусад төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд гэсэн 300 гаруй албан тушаалтнууд цахимаар оролцлоо.

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, дэд пропессор, доктор А.Алтанзул сургалтын гарын авлагын агуулга, ёс зүйн зөвлөлүүд хэрхэн ашиглах аргачлалыг танилцуулж, сэдэв тус бүрт хамаарах гол ойлголт, тодорхойлолтуудыг тайлбарлан амьдрал дээр гардаг бодит жишээнүүд дээр дасгал ажиллуулсан байна.

Сургалтын төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам хэлсэн үгэндээ уг гарын авлагыг энэ сургалтаас гарсан зарим саналыг тусган ойрын хугацаанд хэвлүүлэн төрийн байгууллагуудад хүргүүлэх болно гэдгийг онцлон хэлсэн байна.

Батлан хамгаалах салбарын ёс зүйн зөвлөлөөс дээрх гарын авлага гарсаны дараа, Батлан хамгаалах яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлалууд, барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангитай цахим сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.