Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид ажиллалаа.
Батлан хамгаалахын сайдыг тус ангид очиход Хүндэт харуул жагсан угтсаны дараа ангийн захирагч, хурандаа М.Батдорж ангийн товч танилцуулга, үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, энэ онд хийгдэх зарим бүтээлч ажлуудын талаар танилцуулга хийв. Зэвсэгт хүчний 011 дүгээр анги нь салбарын хэмжээнд цэргийн зориулалт бүхий автомашины дугаар, лацны дардсаас эхлээд зэвсэг техникийн засвар үйлчилгээ, сэргээн сайжруулалтыг гардан гүйцэтгэдэг. Үүнээс гадна гарын доорх материал, нөөц боломжоо ашиглан бэлэг дурсгалын зүйлс, төрөл бүрийн хутга зэргийг урладаг батлан хамгаалах салбарын үйлдвэрлэгч анги юм. Сайд Г.Сайханбаяр энэ үеэр засварын цехүүдээр орж, тусгай байгууламжуудтай танилцсаны дараагаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид түшиглэсэн ямар нөөц боломж байгаа талаар дурдаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Мөн үеэр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, , ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал болон албаны бусад хүмүүс ажиллалаа.