Ц.Дашзэвэг: САЛБАРЫНХАА БАРАГ БҮХ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД ОРОЛЦСОН

606

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн тэгш дүүрэн ой хаяанд ирлээ. Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албыг 1998-2002 онд хашсан чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэгтэй ойрмогхон уулзаж ярилцав.

Хамтын батлан хамгаалах бодлого, номлолтой явж ирсэн, нам төвтэй армийг ардчилсан нийгэмд зохицсон, иргэний хяналт бүхий Зэвсэгт хүчин болгох үйл явцын суурийг тавьсан хүн дээ гээд хэлчихэд алдаа болохгүй байх. Учир нь батлан хамгаалах тогтолцооны бүх хууль эрх зүйн баримт бичгийн хар зураг түүний ширээн дээр төрсөн юм билээ.

1998 онд УИХ-ын 56 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгээр “Цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчинтэй байна” гэж тодорхойлсон. Мэргэжлийн чиг баримжаатай гэдэг нь мэргэжлийн цэрэг рүү ойртсон Зэвсэгт хүчнийг бэхжүүлж, хөгжүүлэх зорилт дэвшигдэж байна гэсэн үг л дээ гэснээр бидний яриа эхлэв.

Цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай гэж юуг хэлээд байна гэж лавлахад, Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн асуудлуудыг шинэчлэх тухай юм. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, бие бүрэлдэхүүний нөхөн хангалт, сургалт бэлтгэл, бэлэн байдал, удирдлагын тогтолцоог мэргэжлийн армийн чиг хандлага руу ойртуулна.

Зайлшгүй нэг хөтөлбөр байж тэрхүү зорилт хэрэгжих юм байна гэж үзсэн. Тэгээд хөтөлбөрийн төсөл боловсруулах ажил эхлэв. “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2005-2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” гарч хэрэгжсэн. Энэ нь хэдэн Засгийн газар дамжсан хөтөлбөр болчихсон. Хэрэгжих явц нь Засгийн газар хооронд орхигдох байдал үүсэв. 2016 оноос тухайн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр боловсруулж батлуулсан. Энэ нь их зохимжтой болсон. Үүний тулд “Төрийн цэргийн байгууллагуудын хөгжлийн стратеги-2030” гэж гаргасан. Энэ стратегит тулгуурлаж Засгийн газар бүр өөрийн хөтөлбөрөө боловсруулж хэрэгжүүлж явах юм.

Судлаач хүний хувьд ажиглахад эхний хөтөлбөрт айхтар давилуун зорилтууд дэвшүүлсэн байдаг. Арга ч үгүй байх. Маш богино хугацаанд мэргэжлийн чиг баримжаатай болчихъё гэж бодсон хэрэг. Гэхдээ уг хөтөлбөр үр дүнгээ өгсөн. Ер нь 2015 он гэхэд Зэвсэгт хүчин мэргэжлийн чиг баримжаатай болсон. Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хоёр хөтөлбөр үндсэндээ хэрэгжсэний үр дүн гэж хэлж болно.
1998-2015 оны хооронд мэргэжлийн чиг баримжаатай Зэвсэгт хүчин болох зорилтыг хэрэгжүүлсэн. Тэгээд “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг 2015 онд батлагдсанаас “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчин” болох шинэ зорилт дэвшүүлээд байна гэж ярилаа.

Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй болох зорилт хэрхэн хэрэгжсэн талаар түүнээс тодрууллаа. Тэрээр “Монгол Улсын цэргийн номлолын үндэс” баримт бичгээр 1992 онд дэвшүүлсэн зорилт байгаа юм. Өөрөөр хэлбэл, дайчилгааны бараг дэлгэмэл шахуу армийг цомхон, чадварлаг болгоно гэсэн үг. Тэгээд 1998 он гэхэд үндсэндээ цомхотгосон. “Цом” тэдэн он гээд тэр үеийн цэргийнхэн ярьдаг даа. Цомхотгоно гэдэг бол маш хүнд ажил байсан. Гэхдээ үүнийг манай Зэвсэгт хүчин хохирол багатай даван туулсан. Анги, байгууллагыг бүхэлд нь татан буулгахаар тэнд ажиллаж байсан офицер, ахлагч нарын амьдрал хөндөгдөж байгаа юм. Гэхдээ бид энэ ажлыг ухаалаг хийж чадсан гэж боддог.

Цомхотголоор халагдаж буй офицер, ахлагч нартаа “Та нар минь амьдралаа бод доо“ гэж хэлээд гэр хүртэл өгч байлаа. Шуудхан хэлэхэд, таван ханатай гэрээр хуурч байгаа асуудал л даа. Сүүлд нь хууль гаргаад 18-36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгодог болсон. Эв зүйг нь олсоор байгаад 1998 он гэхэд үндсэндээ цомхон болгох амаргүй зорилт биелсэн. Ингээд мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилт дэвшүүлж, 2015 он гэхэд хэрэгжлээ. Дараагийн шатанд 2016 оноос мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин болох зорилт дэвшүүлээд байна.

Зорилт бүрийг хэрэгжүүлэх арга зам өөр биз гэж асуухад, Ц.Дашзэвэг генерал Зэвсэгт хүчний байгуулалтын асуудлуудыг хөндөнө гэсэн үг хэмээн товч бөгөөд тодорхой хариулсан. Тэрээр цааш нь, Зэвсэгт хүчний байгуулалтын асуудлуудыг өөрчилж, шинэчилж байгаа юм. Найман асуудал бий. Зэвсэгт хүчний байгуулалт, хөгжлийн хандлагыг төлөвлөх, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн дайны байдлын үеийн болон тайван цагийн хоорондын тоо, чанарын харьцаа, төрөл, мэргэжлийн цэргийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог үндэслэлтэй тогтоох, Цэргийн анги, салбаруудыг зориулалт, чиг үүрэгт нь зохицсон зэвсэг, цэргийн техникээр зэвсэглэх, Зэвсэгт хүчнийг бие бүрэлдэхүүнээр нөхөн хангах тогтолцоо, цэргийн алба хаагчдын алба хаах журмыг тодорхойлох, Байлдааны ба дайчилгааны бэлэн байдлыг хангах, Цэргийн нэгтгэл, анги, байгууллагуудыг оновчтой байршуулах, Улс орноо батлан хамгаалахад шаардлагатай материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, Цэрэг, штабын бэлтгэл, жигдрэлтийг хангах гэсэн асуудлууд орж байгаа юм. Дэвшүүлж буй зорилтоос хамаараад яаж өөрчлөх вэ гэдэг нь тодорхойлогдоно хэмээн ярилаа.

Зэвсэгт хүчин олон талт үүрэг гүйцэтгэх болсон талаар түүний үгийг сонсож билээ. Генерал маань аргагүй л том стратегич, батлан хамгаалах тогтолцоо судлаач хүн юм. “Гадаад бодлогын үзэл баримтлал”, “Цэргийн номлол” хоёр баримт бичиг нэг өдөр нэг тогтоолоор батлагдсан юм гээд нэгэн дурсамжийг хуваалцлаа.

Гадаад харилцааны яаманд “Гадаад бодлогын үзэл баримтлал” баримт бичиг батлагдсаны 20 жилийн ойн арга хэмжээ болов. Энэ хурал дээр энхийг сахиулах ажиллагааны эцэг гэх хүмүүс тодроод би эхлүүлсэн, би санаачилсан гэсэн яриа гарлаа. Би тэр хурал дээр үг авч хэлэхдээ “Төрийн цэргийн бодлогын үндэс”-ээс эшлэл авч хэлж байсан. Тэрхүү баримт бичигт энхийг сахиулах үүрэг гэж орсон. “Ялалт бол зуун эцэгтэй, ялагдал өнчин” гэсэн үг байдаг. Энхийг сахиулах ажиллагаанд сайн яваад нэр хүнд нь өсөөд ирэхлээр “эцэг” тодрох гээд байна шүү дээ. Олон эцэгтэй байх нь аргагүй ээ, гэхдээ эрх зүй нь ингэж гарсан гэдгийг хэлж байсан санагдаж байна. Зэвсэгт хүчний тайван цагийн үүргийг шинэчлэн тогтоохдоо НҮБ-ын энхийг сахиулах хүчний хүрээнд үүрэг гүйцэтгэх үүргийг Зэвсэгт хүчинд ногдуулсан гэж өгүүлэв.

Ц.Дашзэвэг генерал төрийн албандаа цэг тавина гээд 2019 онд “Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалт, удирдлагын шинэчлэл” номыг гаргасан гэж ярьсан. Энэ бүтээлд Батлан хамгаалах бодлого, тогтолцоо, Зэвсэгт хүчний байгуулалтыг дээр өгүүлсэн найман асуудал тус бүрээр хөндөж бичжээ. Түүнчлэн Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцооны тухай өгүүлсэн байна. Мөн Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлага, Төрийн захиргааны удирдлага гэж юуг хэлж байгаа, Цэргийн захиргааны болон Мэргэжлийн удирдлагын талаар тодорхойлж бичсэн нь залуу дарга нарт нүдийг нь боогоод тавьсан ч төөрөхөөргүй хөтөч болжээ.

Өмнө нь “Цэрэг армийн тухай-2” гэж ном гаргасан. Тэр номыг гаргасан түүх бас сонин. Генералын ангийнхан 10 дугаар анги төгссөний 50 жилийн ойгоо тэмдэглэнэ гээд нэлээд ажил болцгоожээ. Болсон болоогүй дурсамж бичиж, баахан зураг хөрөг бүхий ном гаргана гээд байхаар нь тэр бээр болиулав. Дараа нь ном гаргах гэж байсныг нь болиулчихлаа гэж жаахан шаналсан аж. Тэгээд хуралд тавьсан илтгэл, хэвлэлд өгсөн ярилцлага, нийтлэлүүдээ нэгтгээд ном гаргачихъя гэж шийдэв. Ангийнхны уулзалтад 20 гаруй хүн ирэв, бүгдэд нь өгсөн. Тэд ч бөөн баяр болжээ.

Ц.Дашзэвэг генерал сүүлийн 10 жил батлан хамгаалах тогтолцоог судалж байна. Тогтолцоог үндсэндээ бүрдүүлсэн гэж хэлж болно. Харин бэхжүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг өөр асуудал. Батлан хамгаалах тогтолцооны тулгын гурван чулуу гэж “Цэрэг, армийн тухай-1” номдоо тэрээр бичсэн. Хууль тогтоомж гарахаас бүүр өмнө түүний бичиж, ярьж, үглэж, зарим нэг даргыг загнаж, зэмлэж явсан асуудлуудаа эмхэтгэж гаргасан байна лээ. “Ах нь сургаж дүү нь сонсдог” гэдэг үүднээс түүний бичсэн номуудын үнэ цэн хэзээ ч буурахгүй.

Шинэчлэлийн утга учрыг гардан хэрэгжүүлэх бүрэлдэхүүндээ тайлбарла, ойлгуул гэсэн санааг Дашзэвэг генерал ихэд онцолсон. Манайхан энэ талдаа их алдаад байгаа юм. Жишээлбэл, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин юм сэдсэн, даанч хэрэгжүүлж чадаагүй. Шинэчлэлийг удирдах онол, арга зүй байхгүй учраас тэр. Хууль гаргалаа, тэгээд болно гэж боддог. Гэтэл сурталчилж, ойлгуулж, таниулж, идэвх хөдөлгөөнийг өрнүүлж байж хэрэгжих болохоос биш хий аяндаа биелэхгүй. Цагдаагийн цол албан тушаалын илэрхийлэл гэсэн. Уул нь тийм л дээ. Тэр шинэчлэлээ зөв хийлээ гэж ойлгож байсан. Тэгсэн ч бүтээгүй, буцсан гэв.

Генерал цааш нь Батлан хамгаалах салбарын бараг бүх хууль тогтоомжийг боловсруулаад батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулахад сүүлийн 20 гаруй жил оролцож, өөрийн бодрол, бодол санаагаа нэмэрлэж явсан хүний хувьд өөрийн үүрэг гэж үзээд дээр дурдсан номыг бүтээлээ гэсэн. Өөрөөр хэлбэл, тэгсэн шиг байгаа юм гэхгүйгээр, тэгсэн гэж ам бардам хэлж чадах учраас энэ номыг бүтээжээ.

Хорь гаруй жилийн хугацаанд хилийн цэргийн тухай хуульд би оролцоогүй, бусад бүх хуульд оролцсон. Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн ажлын хэсэгт албан ёсоор ороогүй ч Г.Рагчаа генералыг явуулаад орой нь юу болов гэдгийг сонсож чиглэл өгдөг байсан. Бусад хуулийг боловсруулахад яамны ажлын хэсгийг ахалж эсвэл бүрэлдэхүүнд нь орж ажиллаж байсан тухайгаа дурдав.

Сүүлийн жилүүдэд тэр бээр Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд ирж нөгөө л “батлан хамгаалах тогтолцоо” руу орсон. Судалгаа хийж, хуулийн төсөл боловсруулаад явав. “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн ажлын хэсгийг ахалсан. Бодлого гараад ирэхлээр дагаад бусад хуулиудад өөрчлөлт орох шаардлага гарлаа. Тэгээд 2016 онд Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хоёр салгаж хууль болгосон. Тэр бүгдэд ажлын хэсэгт орж ажилласан. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсан ч батлан хамгаалахын дараагийн шинэчлэлд бас оролцсон гэсэн үг.

Батлан хамгаалахын сайдын зөвлөх, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг гуайтай зөвхөн батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн асуудлаар яриа өрнүүлсэн нь энэ. 1990-ээд оноос хойш өрнөсөн Зэвсэгт хүчний өөрчлөлт шинэчлэлтийн ноён нуруу болж ирсэн түүний хөдөлмөр, зүтгэлийг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Түүний оюуны бядыг өдгөө ч ашигласаар байна.