ТӨРЛИЙН ЦЭРГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

271

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ЗХЖШ болон төрлийн цэргийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тодруулбал, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Дашзэвэг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар, СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Баатар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Д.Баасандамба, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хошууч Д.Жаргалсайхан нарын удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзсан юм.

Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “ЗХЖШ-ын удирдлагад шинээр томилогдсон болон шинэ бүтцэд орж байгуулагдсан газрын дарга, бие бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалт хийе гэж эртнээс төлөвлөсөн. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тусгай хүчний болон Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч нар томилогдон үүрэгт ажилдаа орлоо. Үүнтэй холбогдуулан энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Одоогийн нөхцөл байдалтай холбоотой товчхон, тодорхой мэдээллүүдийг хийж, харилцан ярилцаж, санал солилцоно. Ажил хэрэгч уулзалт болно” гэж онцоллоо. Үүний дараа төрлийн цэргийн удирдлагууд тус тусын командлал болон газрын зорилго, зорилт, үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаа, хэтийн төлөв, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар Батлан хамгаалахын сайдад танилцуулав. Төгсгөлд нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтад оролцсон бүрэлдэхүүнд албан даалгавар, үүрэг чиглэл өгсөн юм