МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМАНД АЖИЛЛАЛАА

355
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Батлан хамгаалах яаманд ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхий сайдыг төрийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд үүний дараа тэрээр батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд шинээр нэвтрүүлж байгаа инноваци, шинэ бүтээл, оновчтой санал шингэсэн зэвсэглэл, цэргийн техник, холбоо, мэдээлэл, бусад бүтээлч ажлуудтай танилцсан юм.
Энэ үеэр Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Улс орныг батлан хамгаалах үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацын үр дүнг нэвтрүүлэх, түүний хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллаж байна. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигт дэвшүүлсэн “Батлан хамгаалах тогтолцоог төгөлдөржүүлэн, технологийн дэвшлийг нэвтрүүлж, Батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд бид дэвшил гаргаад ажиллаж байна.
Өнгөрсөн онд Зэвсэгт хүчний Жанжин штабаас цэргийн зориулалттай хөнгөн хуягласан байлдааны машины эхний загвар болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн шинэ загварыг бүтээсэн нь дотооддоо цэргийн зориулалттай техник үйлдвэрлэх үндэс суурийг тавьсан чухал ажил. Энэ нь цэргийн зориулалттай зэвсэг, техник хэрэгслийг дотооддоо олноор үйлдвэрлэх, ашиглах боломж байна гэсэн үг” хэмээн онцолж байв.
Мөн ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн штабын бэлтгэлжилтийг дээшлүүлэх, салбарын галын боломжийг нэмэгдүүлэх, салаа, тасгийн сургалт бэлтгэлд ашиглагдах боломжтой цөөнгүй бүтээлүүд дэлгэгдсэн талаар танилцуулж, бүтээл бүрийн онцлог, ач холбогдлын талаар сонирхуулж байсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд наалдацтай, хөгжлийн бодлогод нийцсэн, инновацад суурилсан, төсөв хөрөнгө хэмнэсэн бүтээлч ажлуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллах болно гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Энэхүү арга хэмжээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалах яаманд үргэлжлүүлэн ажиллаж, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудтай “Дэлхийн цэрэг-улс төрийн өнөөгийн байдал”, “Батлан хамгаалах яамны 2020-2024 онд дэвшүүлсэн бодлого, зорилт”, “Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвүүдээр ярилцаж, зарим чиглэлээр үүрэг, даалгавар өглөө. Монгол Улсын Ерөнхий сайдыг дагалдаж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс ажилласан юм.
Ахлах дэслэгч Д.Болормаа