Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн хүрээнд “Сансар судлал ба сансрын технологи” эрдэм шинжилгээний бага хурал яг энэ цаг үед ШУА-д болж байна. Хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож байгаа бөгөөд бусад оролцогсдод хандан Монгол хүн сансарт ниссэний болон сансарт хамтран ниссэний 40 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэх юм.
“Сансрын бодлого, хэрэглээ”, “Сансар огторгуйн ба ертөнцийн үүсэл”, “Сансрын технологи ба батлан хамгаалах” гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж буй тус хуралд “Сансрын тандан судлал ба байгаль орчны глобал”, Монгол Улсын Шинжлэх Ухаан дахь сансрын тандан судлалын хөгжил”, “Монголын нутаг дэвсгэрийн геологи, динамик хөгжлийн сансрын цогц судалгааны зарим шинэлэг үр дүн” гэсэн олон сонирхолтой сэдвүүдээр эрдэмтэд хэлэлцэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж тусгай төлөвлөгөө батлагдсан.
Энэ хүрээнд ОХУ- ын Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, ШУА-ийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгээс хамтран тус бага хурлыг зохион байгуулж байна.
Гол зорилго нь Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн судалгаа шинжилгээ, орчлон ертөнцийн үүсэл хөгжил, зайнаас тандан судлал ба геоинформатик, сансрын технологийн хэрэглээ, пуужин болон хиймэл дагуулын судалгаа хөгжүүлэлт түүний чиг хандлага зэрэг түүхэн үйл явдалтай холбоотой асуудлаар эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч, хэрэглэгч сонирхогч, хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл түгээхэд оршиж байгаа аж.