БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БНХАУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД ХУРАНДАА ГЕНЕРАЛ ВЭЙ ФӨНХЭ-ТЭЙ УТСААР ХОЛБОГДОВ

2339

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхэ-тэй өнөөдөр утсаар ярьж, бүс нутгийн аюулгүй байдал, Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хоёр орны дотоод нөхцөл байдлын асуудлаар санал солилцов. Батлан хамгаалахын сайд нар манай хоёр орон коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш харилцан бие биедээ сэтгэлийн дэм болоод эд материалын тусламж үзүүлж, хамтдаа тэмцэж, бодит үр дүнд хүрч буйг онцлоод цаашид Батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, шинэ түвшинд хүргэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хоёр улсын Батлан хамгаалах салбарын харилцаа стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад чухал хувь нэмэр оруулж ажиллахаа онцолсон бол хариуд нь БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхэ Хятад, Монгол хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрч, хоёр улсын ард түмэн, Зэвсэгт хүчний хоорондын харилцаа өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа цохон тэмдэглэв.

Төгсгөлд нь Батлан хамгаалахын сайд нар Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жил, Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндчилгээг харилцан бие биедээ дэвшүүллээ.