Дайчилгааны тухай болон Цэргийн албаны тухай хуульд заасны дагуу яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын “Цэрэгстратегийн бэлтгэл” сургалтыг Батлан хамгаалах яам 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалт нь шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нартай анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Батлан хамгаалахын шинэ эрх зүйн орчинд явагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалт нь 2003 оноос хойш уламжлал болон явагдаж байгаа бөгөөд батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, Төрийн нарийн бичгийн дарга нарыг батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний талаар шинэ мэдээ, мэдээллээр хангасан чухал ач холбогдолтой сургалт болж байгаа юм.
Сургалтын нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, яамдын Төрийн нарын бичгийн дарга нар болон БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа С.Ганбямба, ТЗУГын дарга, хурандаа Ч.Гандирваа нар оролцлоо. Тус сургалтыг Батлан хамгаалахын сайд нээж хэлсэн үгэндээ “Шинээр болон шинэчлэгдэн батлагдсан батлан хамгаалах хууль, тогтоомжууд ялангуяа Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд батлагдан гарсантай холбогдуулан нэлээдгүй дүрэм, журмуудыг шинээр болон шинэчлэн боловсруулж төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүргийг нарийвчлан тогтоох юм. Тиймээс энэ удаагийн Төрийн нарийн бичгийн дарга нартай явуулах “Цэрэгстратегийн бэлтгэл” сургалт нь төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэхэд ихээхэн дэмжлэг болно” хэмээн онцолж, сургалтад оролцогсдод амжилт хүслээ.
Тус сургалтаар Монгол Улсын аюулгүй байдал, аюулгүй байдлын орчинд гарч буй өөрчлөлтүүд, батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэлт, Зэвсэгт хүчний гүйцэтгэх
үүрэг, шинэчлэлтийн талаар болон төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг олон чухал сургалтууд багтах юм.