БХЯ, МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

232

Батлан хамгаалах яам болон “Монголын барилгын үндэсний ассоциац” ТББ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа өчигдөр БХЯ-нд боллоо.

Манай улс сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, газрын тосны үйлдвэр зэрэг стратегийн томоохон бүтээн байгуулалтыг дотоодын ажиллах хүчний оролцоотойгоор барьж байгуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа билээ. Дээрх стратегийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн анги, салбарууд идэвхтэй оролцож төр засгаас даалгасан үүргийг богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэж буй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар төрхувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн гадаад дотоодын арга хэмжээ, хамтын ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийг барилга, зам, гүүр, төмөр зам зэрэг стратегийн бүтээн байгуулалтын ажлын оролцоог эрчимжүүлэх, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мөн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгуулах, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, офицер, ахлагч, алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Түүнчлэн орон нутагт байрлах цэргийн анги, салбарын барилга инженерийн дэд бүтцийг сайжруулах, эрчим хүчийг хэмнэх, алдагдлыг бууруулах, дулааны үр ашгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, оновчтой, үр ашигтай шийдэл гаргах, саарал усыг дахин ашиглах, ногоон технологийг нэвтрүүлэх замаар гүний цэнгэг усны хэрэглээг хэмнэх, ундаргыг нь тэтгэх зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, УИХын гишүүн, “Монголын барилгын үндэсний ассоциац” ТББ-ын дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, “Монголын барилгын үндэсний ассоциац” ТББ-ын ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон БХЯ, ЗХЖШын удирдлага, албаны бусад хүмүүс байлцлаа.