Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр цаг үеийн асуудлаар Төрлийн цэргийн командлалуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим хурал хийж, цэргийн албаны сахилга хариуцлага, дэг журам, ёс зүйн чиглэлээр холбогдох үүрэг даалгавар өглөө.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Нийгмийн толь байх ёстой салбар ганц нэг хүний хариуцлагагүй үйлдлээс болж цахим сүлжээгээр салбараараа “цоллуулж” байна. Тиймээс бид бүхэн харилцаа, хандлага, сэтгэлгээгээ өөрчилж, сахилга, хариуцлагаа нэмэгдүүлэх шаардлагатай. Цэргийн нэгтгэл, анги, салбарт дотоод хяналт шалгалтыг даруй явуулж цэргүүдтэй ажилладаг анхан шатны захирагч дарга, бие бүрэлдэхүүний сэтгэл зүй, эрэлт хэрэгцээг мэдэрч, хэн нэгэнд хариуцлага тооцох бус урьдчилан сэргийлэхийн тулд судалгаа, бодит үнэлгээнд тулгуурладаг байхыг анхаарууллаа. Цэргийн алба хаагчдын харилцаа, албаны хандлага, хувь хүний хөгжил, нийгмийн эрх зүйн соёл, ухамсар төлөвшилт тал дээр нэгтгэл, анги салбар, бие бүрэлдэхүүн бүр бодитоор анхаарахгүй бол бид бодлого яриад, мянган ажил хийгээд ухамсаргүй нэгний балгаар салбараараа шороотой хутгалдаж байна. Энэ бол нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргиж байгаа бодит жишээ. Хугацаат цэргийн алба хаагчид бол тухайн ангийн толь байх ёстой.
Тиймээс цэргийн албаны харилцаа зөвхөн дүрмийн хүрээнд явагдах бөгөөд үг, үйлдлээрээ үргэлж зөв байх ёстой болохоос дүрмийн бус харилцаа үүгээр эцэс болох ёстой. Дараагийн дугаарт ажлын байран дээрх архидалттай ямар ч шатны дарга нар эвлэрч болохгүй.
Хэдийгээр Зэвсэгт хүчний хүрээнд ажлын байран дээр архидан согтуурах асуудал хумигдсан ч гэсэн урьдчилан сэргийлж байх ёстой. Ажлын байр бус, ахуйн хүрээнд ч асуудал гаргаж болохгүй хэмээн санууллаа. Төгсгөлд нь улсын хэмжээнд цар тахлын халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбогдуулж, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар зөвлөмжийг ягштал мөрдөхийн зэрэгцээ нэгтгэл, ангиуд бие бүрэлдэхүүнийхээ тоог аль болох цөөлж, гэрээрээ ажиллаж байгаа тохиолдолд хяналт тавьж ажиллахыг анхааруулав. Ажлын байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, дотогш нэвтрэх тохиолдолд PCR шинжилгээ өгч байхын зэрэгцээ вакцин хийлгэсэн алба хаагчдад ч энэ заавар зөвлөмж хамаатай гэв. Түүнчлэн хөл хорионы үед алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд холбогдох албан тушаалтнууд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.
Цахим хуралд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа З.Болдбаатар нар байлцлаа.