Зэвсэгч хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай залуу даргадаа зодуулж амиа алдсан эмгэнэлт хэрэг гурав хоногийн өмнө /2021.03.30/ гарсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний салбарт байсаар байгаа цэрэг дэглэх, цолны эрэмбээр дарамт, хүчирхийлэл үзүүлэх ёс бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр ямар арга хэмжээ авдаг тухай болон энэ хэргийн өмнөөс ёсзүйн хариуцлага хүлээж огцрох уу? гэсэн асуултад Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяраас хариулт авлаа.
–Даргадаа зодуулж хүнд гэмтсэн, улмаар амиа алдсан цэргийн талаар мэдээллийг сайд Танд хэзээ өгсөн бэ?
-Юуны өмнө харамсалтай байдлаар амь насаа алдсан хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсэж байна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч хугацаат цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцаа үүсгэж, зодсоны улмаас биеийн байдал хүнд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн тухай 2021 оны гуравдугаар сарын 29-ний өглөө Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга надад илтгэсэн. Тухайн алба хаагчийг эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад нас барсан талаар 2021 оны гуравдугаар сарын 31-ний 00:03 цагт тэнд томилогдон ажиллаж байсан манай мэргэжилтэн надад дуулгасан.
–Энэ хэргийг шалгах ажил ямар шатандаа байна вэ?
-Хэрэг гарсан даруйд тухайн цэргийн ангид Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас албаны шалгалтыг хийсэн. Одоо Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд шалгалтын ажил явагдаж байна.
–Цэргийн албанд оны ялгаа, цолны эрэмбээр дэглэдэг энэ байдал өнөөг хүртэл арилаагүйг энэ хэрэг харууллаа. Үүнээс өмнө ч даргадаа зодуулж гэмтсэн, насан туршийн эрэмдэг болсон цэргүүдийн асуудал олон удаа гарлаа. Монголын армид байгаа дэглэдэг энэ дарамт, хүчирхийлэл яагаад арилахгүй байна вэ? Энэ талаар Батлан хамгаалах яамнаас ямар чиглэл өгдөг вэ?
-Бид дүрмийн бус харьцааг таслан зогсоох чиглэлээр тасралтгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 2020 оноос хугацаат цэргийн албаны татлагыг жилд нэг удаа явуулдаг болгосон. Ингэснээр цэргийн анги, нэгтгэл дээр хугацаат цэргийн хоорондын оны ялгаа гэдэг асуудал байхгүй болсон. Одоо офицер, ахлагч, хугацаат цэрэг хоорондын харьцааны асуудал байсаар байна.
Энэ чиглэлээр Батлан хамгаалахын сайдын хувьд сар тутам Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар тодорхой үүрэг чиглэлийг өгч, ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцон ажиллаж байна. Цаашдаа ч энэ асуудал дээр гол анхаарлаа хандуулж ажиллана.
–Цэргийн албанд мордохын ач холбогдол, мөн чанар юу вэ, Сайд аа?
-Цэргийн алба хаах нь залуусын хувьд их ач холбогдолтой. Нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үндсэн үүргээ биелүүлж байгаа юм. Хоёрдугаарт, хэрэгтэй цагт эх орноо батлан хамгаалах цэргийн нарийн мэргэжил эзэмшдэг. Гуравдугаарт, эх оронч үзэл хүмүүжилтэй болохын зэрэгцээ бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш төлөвшил олж авдаг. Дөрөвдүгээрт, гэр бүлээ авч явах сэтгэлийн хат, амьдралын зорилготой эр хүн болдог. Тавдугаарт, хугацаат цэргийн алба хааснаар залуучууд маань төрийн албанд ажиллах нэг шалгуурыг хангадаг давуу талтай.
–Цэргийн аминд хүрсэн салаан даргад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх байх. Тус ангийн дарга, шат шатны удирдах албаны хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?
–Энэ хэргийг үйлдсэн салааны захирагчийн хувьд хуулийн дагуу хариуцлага хүлээж таарна. Тус ангийн захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн тухайн өдөр ангийн байрлалд эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан албан тушаалтнуудад зохих шийтгэлийг оногдуулаад байна. Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлээд байна.
–Монгол Улсын Зэвсэгт хүчинд дахин ийм хэрэг гаргахгүйн тулд Та бүхэн юу хийж байна вэ?
-Гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудын цэргийн байр, зарим чухал обьектуудыг камержуулах ажлыг эхлүүлээд байна. Хоёрдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн офицер, ахлагч нарын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүйн түвшинг тогтоох үзлэгийг явуулна. Гуравдугаарт, Батлан хамгаалахын сайдын дэргэд “Иргэний зөвлөл” байгуулж, хамтран ажиллана. Дөрөвдүгээрт, Батлан хамгаалах яаманд хугацаат цэргийн алба хаагчтай холбоотой асуудлаар хандах тусгай дугаарыг ажиллуулж, иргэдийн санал, хүсэлтийг 24 цагаар хүлээж авна.
–Эцэст нь Зэвсэгт хүчний ангид гарсан энэ хэргийн өмнө ёс зүйн хариуцлага хүлээж Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Та албан тушаалаасаа огцрох уу? Монголын ард түмэн, ээжүүд Батлан хамгаалахын сайдын үгийг хүлээж байна?
-Батлан хамгаалахын сайд хуульд заасны дагуу Зэвсэгт хүчний төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлдэг. Энэ нь Зэвсэгт хүчинд холбогдох хууль, тогтоомжийг мөрдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлох, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, мөн Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Би хариуцлагаас зайлсхийж байгаа юм биш ээ. Хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм. Ийм ч учраас Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтаа сайжруулж ажиллана.
Би энэ салбарт 32 жил ажиллаж буй цэргийн мэргэжилтний хувьд, Батлан хамгаалахын сайдын хувьд салбартаа байгаа, олон жил бугшиж ирсэн энэ балмад үйлдэлд цэг тавина. Мэдээж өргөс авсан мэт арилахгүй, тодорхой хугацаа шаардах ажил… Таслан зогсооно.
Эх сурвалж: gogo.mn