ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРОО ХУРАЛДАЖ, “ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ” ТОГТООЛЫГ БАТАЛЛАА

447

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо 4 дүгээр сарын 6-нд төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцлээ. Дэд хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Дотоодын цэргийн штабын орлогч, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Рэнцэндорж, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэл, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Ж.Ариунаа нар оролцсон юм. Дээрх хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсны дараа “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” дэд хорооны тогтоолын төслийг Б.Энхбаяр гишүүн танилцуулав. Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг “цэргийн дэг” нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль, тогтоомжуудад хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгохоор төсөлд тусгажээ. Түүнчлэн удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтын чиглэлээр талуудын оролцоо бүхий ажлын хэсгийг байгуулж зүй бус үйлдлийг таслан зогсоох чиглэлээр богино, дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулж, ажиллах, өмнө гарсан тохиолдлуудын шийдвэрлэлтийн талаар олон нийтэд ил тод мэдээлэх, салбарын хэмжээнд, бүх шатанд хүний эрхийн талаарх сургалт зохион байгуулах зэргийг чиглэл болгохоор Дэд хорооны төсөлд тусгасан байна. Дэд хорооны тогтоолын төслийн танилцуулга, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь Хүний эрхийн дэд хорооны “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 6 гишүүний 5 нь дэмжлээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс