Улс орон даяар 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр болсон. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын үүрэг чиглэл өгсөний дагуу БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, ТЗУГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, БХЗГ-ын дарга, хурандаа Х.Батсайхан нар харъяа байгууллагуудын удирдлагуудтай шуурхай хуралдаан хийлээ. Уг хуралдаанаар Засгийн газрын шийдвэрийн дагуу тусгай чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд 10 хүртэлх хувийн ирцтэйгээр ажиллана. Ингэхдээ халдвар хамгаалалтын дэглэмийг чандлан сахиж, хөдөлмөрийн дотоод журмаа мөрдөн, асуудал гаргалгүй хариуцлагатай ажиллахыг үүрэгдлээ. Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэдээс ирсэн гомдол саналыг бүртгэж, улмаар зохих шатны хүмүүст уламжилж, эргэх холбоотой ажиллахыг сануулсан юм. Дашрамд дуулгахад Батлан хамгаалах яам иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авах зорилгоор 1800-1144 утсыг ажиллуулж эхэлсэн билээ.