МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ, БНЭУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

405

Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНЭУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 10 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг, Энэтхэгийн талаас БХЯ-ны Нэгдсэн нарийн бичгийн дарга Шри Вишал Гаган нар удирдан явуулж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, энэ хүрээнд цаашид цэргийн боловсон хүчин бэлтгэх, хамтарсан дадлага сургууль хийх, кибер аюулгүй байдал, мэдээлэл технологийн  чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, чиглэлийг тодорхойлов.

Уулзалтад БНЭУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх оролцсон бөгөөд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг болохыг онцлов.

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Д.Ганхуяг хоёр тал дэлхий нийтээр тархаад буй COVID-19 цар тахлын хүнд хэцүү үеийг даван туулахад хамтран ажиллаж, тэр дундаа Энэтхэг Улсын Засгийн газраас манай улсад коронавирус эсэргүүцэх вакцин нийлүүлсэн нь Монгол Улсын хувьд энэхүү цар тахлыг хязгаарлах, даван туулахад чухал хувь нэмэр оруулж буйд талархаж, цаашид энэхүү цар тахлыг хамтын хүчээр даван туулахаа илэрхийлэв.