Сурвалжлага: Цэргийнхэн шүтээн хайрхандаа 20 мянган мод тарилаа

303
Сурвалжлага: Цэргийнхэн шүтээн хайрхандаа 20 мянган мод тарилаа

Хүнд гурван “ГЭР” бий. Байгаль, эх дэлхий бол бидний их гэр. Төрсөн нутаг бол хүний дунд гэр. Харин сууж буй өргөө тань бага гэр. Ховор тохиолоор хүн болж төрсний хувьд эдгээр гурван “ГЭР”-ээ хайрлаж, хамгаалах нь бидний хүлээх ёстой чухал үүрэг хариуцлагын нэг юм. Өнгөрсөн Бямба гаригт “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болж өнгөрсөн билээ. Энэ өдөр найман настай балчраас эхлэн наян настай буурал ч мод тарьж, байгаль дэлхийгээ хайрлах соёлыг өөрт болоод өрөөлд үлгэрлэв.

Нийслэл хотыг тойрон хүрээлдэг тахилгат дөрвөн уулын нэг болох Баянзүрх хайрханд мод тарих, нөхөн сэргээлт хийх арга хэмжээнд багахан хугацаанд саатлаа. Уулын энгэр хэсэгт нар дээрээс төөнөх ч намуухан салхи үе үе сэвэлзэнэ. Баянзүрх хайрханы бага Баянзүрхийн аманд буюу найман га талбайд 20 мянган суулгац тарихаар 300 гаруй хүн цуглажээ. Тус арга хэмжээг Батлан хамгаалах яамны бие бүрэлдэхүүн НБОГ-тай хамтран зохион байгуулав.

Сүүдэрлэх ч модгүй болсон Баянзүрх хайрханы энгэрт харлаж гандсан тайрдас л үзэгдэнэ. Улиастайн Баянголын ам, Гачууртын Шар хоолойн ам басхүү зуны өнгийг “дэлгэсэн” гэрэл зургуудыг эгнүүлэн байрлуулсан байлаа. Төд удалгүй нээлтийн үйл ажиллагаа эхэлж, Батлан хамгаалахын сайд С.Сайханбаяр болон НБОГ, “Чинагийн Галсан” сангийн төлөөллүүд үг хэллээ. Арга хэмжээнд ирсэн залуусын зарим нь мод суулгах хэсгээ ухаж байхад зарим нь аль хэдийнэ дараагийн мод суулгах ажилдаа шамдан орсон байлаа.

“ЭР ЦЭРГИЙН ШҮТЭЭН БОЛСОН ХАЙРХАНДАА ШИНЭС МОДОД ТАРЬЖ БАЙНА”

Хүн 18 мод тарьж ургуулж чадвал эх дэлхийдээ амьсгалсан агаараа нөхөж өгдөг гэдэг. Иймдээ ч сүүлийн жилүүдэд мод тарих, нөхөн сэргээлтийн ажилд хувийн хэвшил гэлтгүй төрийн нэгж хэсгүүд ч анхаарал хандуулах болсон. Тухайлбал, өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жил бүр мод тарьж хэвшсэн, тарьсан модоо ч эргэж тойрч усалдаг гэдгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нээлтийн үеэр онцолж байсан юм.

Тэрбээр “Баянзүрх хайрхан бол ард иргэд болон цэрэг эрсийн шүтээн болсон хайрхан юм. Өнөөдөр БХЯ болон түүний харъяа байгууллагууд, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалууд, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчид Баянзүрх хайрханы энгэрт 20 мянган гаруй шинэс мод тарьж байна. Энэхүү ажлыг нэг жил хийгээд орхих бус, ирэх жилүүдэд ч зохион байгуулж, Баянзүрх хайрханы ар бэлийг өтгөн шилмүүс модтой орчин болгох зорилт тавьж байна. Мод тарих нь байгаль экологийг нөхөн сэргээх, агаарын бохирдлыг арилгах зэрэг олон талын ач холбогдолтой. Иймээс уг арга хэмжээнд Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, “Чинагийн Галсан” сан онцгой ач холбогдол өгч хамтарч байна” гэсэн юм.

Түүнчлэн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Зэвсэгт хүчний бүх анги нэгтгэл эко орчинтой байх стандартыг яамнаас гаргаж, “Экологийн анги” хэмээх шинэ төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр цэргийн бүх анги орчин үеийн стандарт бүхий жишиг ногоон байгууламж бүхий орчинтой болох аж.

“НОГООН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ АЖИЛД ИРГЭН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ”

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл өөртөө барьдаг чанар нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Иймээс ногоон хөгжилд хувь нэмэр оруулах нь дан ганц мэргэжлийн байгуулагуудын ажил бус бөгөөд иргэн бүрийн оролцоо чухал болсон билээ. Иймээс “Үндэсний мод тарих өдөр”-өөр мод тарьж, түүнийгээ цахим хуудсанд постлоод өнгөрөх бус тухайн модоо хайрлан хамгаалж, ирэх жил магадгүй түүнээс ч олон жилийн дараа хэрхэн ургасныг нь харахын төлөө өнөөдрөөс хичээх хэрэгтэйг албаныхан онцолж байсан юм.

ЗОХИОЛЧ Ч. ГАЛСАН: НАСНЫ ТУЙЛ ХҮРТЛЭЭ МОД ТАРИНА

“Чинагийн Галсан сан”-г үүсгэн байгуулагч, зохиолч Ч.Галсан өдгөө 90 нас зооглож яваа эрхэм. Монгол орондоо өөрийн хөрөнгөөр нэг сая мод тарьж өгнө хэмээн ярих түүний ярианаас байгаль дэлхийгээ хэр их хайрлан хүндэтгэдгийг нь харж болохоор. Өнгөрсөн намрын байдлаар тэрбээр 937 мянган мод тарьжээ. Түүний үүсгэн байгуулсан “Чинагийн Галсан сан”-гаас Баянзүрх хайрханд мод тарих, нөхөн сэргээлт хийх арга хэмжээнд зориулан 10 мянган суулгац хандивласан юм.

Арга хэмжээний үеэр тэрбээр “Миний туулсан нийгэм байгаль эх дэлхийн төлөө бүхнийг зориулж, хүндэтгэлтэй хандах хатуу дэгтэй өссөн юм. Ийм орчинд өссөн учраас мод тарих хүсэл төрсөн. Цэргийн алба хаагчидтай яг л 12 жилийн өмнө өнөөдрийнх шиг олон мянган мод тарьж байлаа. Одоо тэр тарьсан мод маш үзэсгэлэнтэй ой болсон байна. Эх дэлхийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж би амласан. Би 40 гаруй ном бичиж, гурван улсын гавьяат цолоор энгэрээ мялаасан хүн. Хүн болж ирсэний нэг үүргээ ийнхүү биелүүлсэн гэж боддог. Харин хоёр дахь үүргээ биелүүлэхийн тулд насны туйл хүртлээ эх дэлхийдээ мод тарьсаар байх болно” хэмээсэн юм.

Энэ үеэр Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд Баянзүрх хайрханыг ойжуулах, нөхөн сэргээлтэд анхаарч буй Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон салбар байгууллагуудад талархаж буйгаа илэрхийллээ. Мөн мод тарьж, ногоон байгууламж бий болгоход анхаарах нь барилга, байшин барихаас илүү бүтээн байгуулалт болохыг онцолж байсан юм.

МОДОД “АМЬТАЙ” БАЙГАЛИЙН НЭГ ХЭСЭГ

Их үдийн алдад бид дараагийн маршрут руу хөдөллөө. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй анги нэгтгэлүүдийг жишиг ногоон байгууламжтай болгох “Экологийн хотхон” төсөл хэрэгжиж буйг нээлтийн үеэр онцлоод амжсан.

Цэргийн харъяа байгууллагад хэрэгжиж буй ногоон байгууламжийн төслийн биелэлтийг нүдээр үзэхээр бид Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 015-р ангид зочиллоо. Ангийн үүдээр орох төдийд хөрсийг нямбай гэгч нь бэлдсэн цэлгэр талбай нүдэнд туслаа. Энд ногоон байгууламжийн ажил хэдийнэ эхэлсэн нь илт. Тус анги Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг бөгөөд энэ онд 100 жилийн ой нь тохиох аж. Төслийн хүрээнд нийт 3.5 га талбайд зүлэгжүүлэлт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн 14 нэр төрлийн 13400 гаруй мод суулгах бөгөөд одоогийн байдлаар ажил 85 хувьтай үргэлжилж байгааг ангийн захирагч, хурандаа Ц.Батсайхан онцолж байв.

Хүн бүрийн харах өнцөг өөр. Гэхдээ эцсийн дүндээ жишиг ногоон байгууламж бий болгох нь ямар ач холбогдолтой вэ гэдэг чухал. Өнөөдөр тус ангид мод суулгах арга хэмжээ үргэлжилсэн. Цэргүүд дор бүрнээ модыг хэрхэн суулгах, арчлах, хамгаалах талаар мэдлэгтэй болсон байлаа. Алба хааж буй цэргүүд модод “АМЬТАЙ” байгалийн нэг хэсэг гэдгийг мэдэрч, аливааг хайрлаж, хамгаалах ухамсрыг өөрт төлөвшүүлж буй нь хамгийн том чухал үр дүн гэж харж болох билээ.

Эх сурвалж: https://news.mn/r/2432129/