САЛБАРЫН АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

104

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус салбарын хөгжил, дэвшлийн төлөө залуу, нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүд болон ахмад дайчин чөлөөнд байгаа дэд хурандаа Т.Бат-Очир, чөлөөнд байгаа хурандаа, хүний гавьяат эмч Л.Жамбалжав, чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Оюунцэцэг нарын ахмадууд оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “1945 оны Чөлөөлөх дайнд Хээрийн засварын бүлэг, Цэнэгийн бүлэг болон Холбооны зангилааны гэрэлтүүлгийн бүлгийг удирдан оролцсон ахмад дайчин Т.Бат-Очирын 100 насны түүхт ой энэ сарын 15-ны өдөр тохиосон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зарлигаар чөлөөнд байгаа хурандаа, хүний гавьяат эмч Л.Жамбалжавт Төрийн соёрхол, чөлөөнд байгаа дэд хурандаа Б.Оюунцэцэгт “Хүний гавьяат эмч” цол тус тус хүртсэн баярт үйл явдлууд зэрэг тохиолоо. Үүнд миний бие болон сайдын зөвлөлийн гишүүд, салбарын нийт бие бүрэлдэхүүн та бүхэндээ хүндэтгэл үзүүлж, баяр хүргэж байгааг хүлээн авна уу” гээд ахмадуудад өргөмжлөл,үнэ бүхий дурсгалын зүйл гардуулав.

Ахмад дайчин Т.Бат-Очир “Өнөөдөр салбарын сайд, генерал, хурандаа нараасаа Төрийн соёрхолт, гавьяатуудын хамтаар хүндэтгэл хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Хүн ер нь ямар ч үед эрүүл байх нь чухал. Эрүүл мэнддээ анхаарна гэдэг амьдралын тулгуур чанар юм. Хүүхэд залуустаа эрүүл саруул байж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулаарай гэж захимаар байна” гэв.

Үүний дараа чөлөөнд байгаа хурандаа, хүний гавьяат эмч Л.Жамбалжав “Энэ хүндэтгэлийг би цаашдын минь ажил, хөдөлмөрт уриалан дуудаж, урам өгсөн үйл явдал гэж харж байна. Нөгөө талаараа үүрэг даалгавар, өндөр хариуцлага юм. Өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд олон сайхан дурсамж нүдэнд минь тодорч харагдлаа. Энэ салбараар би туйлын их бахархдаг гэдгээ хэлье. Миний хувьд Цэргийн төв эмнэлэгт зөвлөхөөр ажиллаж эмчийнхээ үүргийг гүйцэтгэж байна. Цаашид ч өгсөн үүрэг даалгаврыг цэрэг хүний хувьд өдөр шөнийн аль ч үед биелүүлэхэд бэлэн” гэсэн юм.

Түүнчлэн чөлөөнд байгаа дэд хурандаа, хүний гавьяат эмч Б.Оюунцэцэг Цэргийн төв эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмчээр ажилласан 30 гаруй жилийн хугацаанд 12300 өвчтөнд эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах тусламж, үйлчилгээ үзүүлж, мэс засал, мэс ажилбарын үед 10250 хүнд мэдээгүйжүүлэг гардан явуулсан гэдгээ онцоллоо.

Төгсгөлд нь сайд Г.Сайханбаяр ахмадуудад хандан хүүхэд, залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүсээд эрүүл энх байж, урт удаан наслахыг ерөөв.