ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Мандахбаяртай ярилцлаа.
Сүүлийн үед олон ажил үйлчилгээ цахимжиж, тэр хэрээр зарим иргэд мэдээлэл дутуу авах, хүссэн мэдээллээ олж авч чадахгүй байх зэрэг нөхцөл байдал үүсээд байна. ҮБХИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлт хэзээгээр болох вэ? Элсэлтэд тавигддаг шаардлагад ямар нэг өөрчлөлт орсон уу?
-2020 оны эхээр цар тахал гарснаас хойш БШУЯ-наас хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэл өгсний дагуу цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулж байна. 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн хувьд цахим хэлбэрээр Улаанбаатар хот болон орон нутагт Монголын их дээд сургуулиудын консорциум (МИДСК)-тай хамтарч 6, 7 дугаар сард зохион байгуулна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт 7 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Элсэгчдийг цахимаар бүртгэхтэй холбоотойгоор ямар нэгэн тусгай шаардлага нэмэгдээгүй. МИДСК болон ҮБХИС-ийн элсэлтийн журамд туссан шаардлагын дагуу элсүүлнэ гэсэн үг.
Өмнөх жилийн цахимаар зохион байгуулсан элсэлтийн явцаас харахад хөдөө орон нутгаас, ялангуяа алслагдсан сум, багаас бүртгүүлж байгаа элсэгчид маань интернэт болон шаардлагатай техник хэрэгсэл ховор, ашиглалт тал дээр учир дутагдалтай байгаагаас зарим нэг хүндрэл үүсэж байсан ч тухай бүрд нь заавар тайлбар өгч ажилласан. Бүртгэл дуусахад хоёр хоног дутуу байхад “Увс аймгийн алслагдсан багаас нэг өвгөн шөнө 12 цаг өнгөрч байхад утсаар залгаад сүлжээтэй газар ирлээ хүүхээ, танай сургуульд хүүхдээ оруулмаар байна. Хоцрох шахлаа” гээд ихэд сандарсан байдалтай ярьсан. Консерциумын www.eec.mn сайтаар орж цахимаар бүртгүүлнэ гэхэд өвгөн “Чиний яриад байгаа юмыг ойлгохгүй байна. Ямар юмны ямар юм гэнэ ээ” гээд дахин дахин асуугаад ойлгодоггүй. Эцэст нь сумын төвд очиж бүртгүүлэх талаар зөвлөж байж ойлголцолд хүрэх жишээтэй.
Тус сургууль бакалаврын түвшинд цэргийн 9, иргэний 7, нийт 16 мэргэжлээр зэрэг олгодог. Мэргэжил тус бүр дээр тавигддаг тусгай шаардлага бий юу?
-Бакалаврын зэрэг олгох сургалтаас гадна мэргэжлийн боловсролын сургалтыг 31 мэргэжлээр хуучин ахлагчийн сургууль буюу Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв олгодог. Мэргэжлийн боловсролын нэг жилийн хөтөлбөрт цэргийн мэргэжлийн онцлогоос шалтгаалан эмэгтэй элсэгчийг элсүүлдэггүй. Бакалаврын дөрвөн жилийн цэргийн мэргэжлийн хөтөлбөрт батлагдсан мэргэжил хяналтын тооны дагуу эмэгтэй элсэгч цөөн тоогоор элсүүлнэ. Ерөнхий шаардлагын хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан, эрүүл мэндийн нарийн мэргэжлийн үзлэгт тэнцсэн, бие бялдрын шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд онооны дарааллаар хяналтын тоонд багтааж элсүүлдэг.
Орон нутгийн элсэгчдийн хувьд үүсэж болзошгүй хүндрэл юу байж болох вэ? Өмнөх жилүүдэд элсэгчдийн гаргадаг алдаа юу вэ? Тухайлбал, бие бялдрын түвшин тогтоох шалгалтыг хэрхэн явуулах вэ?
-Эрүүл мэндийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт тэнцсэн элсэгчид бие бялдрын шалгалтад заавал хамрагддаг. Бие бялдрын шалгалтыг хурд, хүч, тэсвэр гэсэн гурван төрлийн шалгуураар авдаг. Элсэгчдийн хувьд эрүүл мэндийн үзлэгт орохдоо сэтгэц эрүүл, элдэв гаж зуршилгүй, биедээ сорви, шивээсгүй байх гэсэн тусгай шаардлагыг анхаарах хэрэгтэй. Залуучууд сүүлийн үед шивээс их хийлгэдэг болсон байна. Шивээстэй гэдэг шалтгаанаар өнгөрсөн жил өндөр оноотой хүүхдүүд хасагдаж байсан.
ҮБХИС нь хууль тогтоомжийн дагуу олон нийтийн цахим сүлжээ ашигладаггүй. Цахим орчинд ҮБХИС гэсэн маш олон хаяг байдаг. Эдгээр нь хувь хүний нээсэн хаяг бөгөөд олон ч дагагчидтай юм билээ. Иймд элсэлт болон сургуультай холбоотой асуудлаар сургуулийн албан ёсны www.mndu.gov.mn сайт болон лавлах утсанд хандаж, тавигддаг журам, сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг авч байхыг танай сониноор дамжуулан уламжилж байна.
Аливаа нэг цахим бүртгэл болоход манай иргэд цагийг нь дөхүүлж хандсанаас болж, сүлжээ гацах, бүртгэлээс хоцрох зэрэг хүндрэл үүсэж, үл ойлголцол гардаг. Элсэлтийн бүртгэлтэй холбоотой бэлтгэл ажил хангагдсан уу?
-Энэ хичээлийн жилийн элсэлтийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, урьдчилсан байдлаар 6 дугаар сарын 20-ноос бүртгэлийг нээж, 7 дугаар сарын 20-нд хаана. Эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалтыг 7 дугаар сарын 21-30-нд сургуулийн байрлалд зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгдөх тохиолдолд тухай бүрд нь сургуулийн цахим хуудсаар дамжуулан хэзээ, хаана цуглах, ямар үйл ажиллагаа явагдах талаар нийтэд мэдээлнэ. Дээр дурдсанчилсан орон нутгийн элсэгчид цахимаар бүртгүүлэхэд интернэт орчин, техник хэрэгсэл, ашиглалтын мэдлэг тааруу байдлаас гадна цагийг нь тулгаж бүртгүүлдэг учир бүртгэлийн системд хэт их ачаалал үүсэж гацах, сүлжээ доголдох тохиолдол гарч байсан тул элсэгчид эртнээс энэ тал дээр анхаарахыг зөвлөж байна.
Танай сургууль нэмэлт элсэлт явуулдаг уу? Энэ жилийн хувьд ямар чигтэй байна вэ?
-Нэмэлт элсэлтийн хувьд бүртгүүлсэн элсэгчдийн тооноос хамаарна. Өөрөөр хэлбэл, зарим хөтөлбөрийн элсэгчид хяналтын тоонд хүрэхгүй байх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Хэрэв хяналтын тоонд хүрээгүй тохиолдолд нэмэлт элсэлтийг зарлаж болно. Өмнөх жил физик болон хими суурьтай элсэгчид хяналтын тоонд хүрээгүй учир нэмэлт элсэлт зарлаж байсан.
2020 он бол үндсэндээ цахим хэлбэрт суурилсан сургалтын жил болж өнгөрсөн. Цахимаар сургалт явуулахын давуу болон сул талыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Цар тахал гарсантай холбогдуулаад улс орон даяар их дээд сургуулиуд цахим хэлбэрт шилжих зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор ҮБХИС-ийн хичээл сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэн зохион байгууллаа. Өмнөх жилтэй харьцуулахад багш, суралцагчдын хувьд энэ жил цахим сургалтад нэлээд туршлагажиж байгаа нь ажиглагдаж байна. Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Үүний жишгээр цахим сургалт нь суралцагчдын бие дааж сурах арга барил, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, цагаа заваа зөв төлөвлөх, төрөл бүрийн эх сурвалжаас онолын мэдлэгээ бататгах, цахим орчин, техник хэрэгсэлтэй ажиллаж сурах, гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, орон зайнаас үл хамааран шаардлагатай хүмүүстэйгээ хүссэн үедээ холбогдох, хичээлийн бичлэгийг олон дахин давтан үзэх боломжтой, төсөв санхүүгийн хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талтай. Харин сөрөг тал нь амьд харилцаа үүсэхгүй буюу ойлгоогүй зүйлээ тэр дор нь тодруулах боломжгүй, интернэтийн хурд, техник хэрэгсэл шаардана, багаар ажиллах боломж бүрдэхгүй, лаборатори дадлагын хичээлүүдийг явуулах боломж хомс гэх мэтийг хэлж болохоор байна. Мөн ҮБХИС-ийн хувьд цэргийн мэргэжлийн хичээлүүдийг хууль, тогтоомжид заасанчлан цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй нь тулгамдаж буй асуудлын нэг юм.
Өмнө нь бид танхимын сургалтаар сургалтыг явуулж ирсэн. Оюутнуудын хувьд хэр үр дүнтэй суралцаж байна вэ? Багш нарын хувьд мөн ялгаагүй нэг төрлийн сорилт болж байх шиг байна?
-Цахим хичээл явагдаж байгаатай холбоотойгоор багшлах бүрэлдэхүүнийг цахим орчинд хичээл сургалтыг зохион байгуулах нь уламжлалт танхимын сургалтаас илүү их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулах, бэлтгэл хангах шаардлага үүсэж байна. Суралцагчдад хэрхэн техник хэрэгсэл, төхөөрөмж ашиглаж цахим орчинд хичээлийн агуулгыг бүрэн гүйцэд ойлгуулах вэ гэдэг асуудалтай тулгардаг. Заах арга зүйгээ ч өөрчлөх шаардлага гарч байна. Өмнө нь суралцагч нэг бүртэй танхимын хичээлийн үед харилцан ярилцах боломжтой байсан бол цахим хичээлийн үед дэлгэц, самбартай харьцаж, хичээлээ явуулах болдог. Үүнтэй холбоотой төрөл бүрийн арга зүйн сургалтуудыг зохион байгуулж байна. Тэнхимийн, багшийн зүгээс мөн өөрсдийнхөө арга зүйг өөрчлөх тал дээр анхаарч ажиллаж байгаа.
Сургалтын шинэ арга зүй нэвтрүүлэх тал дээр сургалтын алба хэрхэн ажиллаж байна вэ? Үүнтэй холбоотой судалгаа шинжилгээ хийж үзэв үү, ямар дүгнэлт гарав?
-Цахим хичээлийн ирц, оролцоо, явц байдалд дотоод хяналт шалгалтыг хуваарийн дагуу хийсэн. Оролцооны хувьд нийт суралцагч 65-78 хувийн ирцтэй байна. Төв суурин газар байгаа суралцагчдын оролцоо өндөр байгаа бол алслагдмал сум, багт амьдарч буй оюутнуудын ирц хангалтгүй байна. Хяналт хийж байх үеэр гэхэд гэрээсээ 5-7 км орчим мориор явж сүлжээ барьдаг уулын орой дээр гарч утсаараа холбогдон хичээлдээ орж байх жишээтэй. Хаврын улирал эхэлж малчид, тариаланчдын ажил ид өрнөж байгаатай холбоотой орон нутгийн суралцагчдын ирц буурах хандлага ажиглагдаж байна.
Багш нар хувийн компьютер, бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хэр хангагдсан бэ? Мөн сургуулийн түвшинд тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ?
-Техник технологийн хөгжил асар хурдтай өөрчлөгдөж байна. Үүнтэй уялдуулан цахим сургалттай холбоотой тоног төхөөрөмж, программ хангамж, хэрэглээ, хэрэгцээ нэмэгдэж байгаа тул одоо ашиглаж байгаагаа сайжруулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Цаашид ч энэ хэрэгцээ өсөн нэмэгдэнэ. Хэдхэн жилийн өмнө хэрэглэж байсан зүйлс өнөөдөр ашиглах бололцоогүй болж байна. Мэдээж программ хангамж, тоног төхөөрөмжөөр 100 хувь хангана гэж байхгүй, өртөг зардал өндөртэй. Гэхдээ шаардлагатай зүйлсийг тухай бүрд нь шийдвэрлээд явах боломжтой гэж харж байгаа.
Ер нь цаашид суралцагчдыг ЕБС их, дээд сургуульд хэр түвшинд бэлтгэж оруулж ирэх нь зүйтэй гэж харж байна вэ?
-Зөв хандлага төлөвшилтэй, эх оронч, үндэсний үзэлтэй иргэдийг бүр багаас нь бэлтгэх шаардлагатай. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагаас эхлээд төлөвшүүлэх, нийгэмшүүлэх, зөв хандлага, дадлыг хэвшүүлэх, иргэн хүнийг сургаж бэлтгэх нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал юм. Эрдэм мэдлэг, боловсрол олгох талаас нь түлхүү анхаарч иргэн, зөв хүн бэлтгэх талыг нь орхигдуулж ирсэн байдалд анхаарах цаг болсон. Бид уламжлалт нүүдэлчин ахуйгаас суурьшмал ахуйд аажмаар шилжиж байгаа нь сайн талтай боловч үүнийг дагаад монгол хүний дэлхийд хосгүй ёс, зан заншил, үнэт зүйлс маань устаж үгүй болж байна. Энэ тал дээр эцэг эхчүүд, иргэд, айл өрх бүр, бүх шатны боловсролын байгууллага, нийгмийн зүгээс анхаарал хандуулах нь зүйтэй байх гэж боддог.
Нэгэнт суурь хүмүүжилгүй хүн ямар ч их, дээд сургуульд сурч хэчнээн сайхан мэргэжил, мэдлэг эзэмшээд ашиг тус бага гарна. Гэхдээ бүх хүүхэд хүмүүжилгүй гэсэн үг биш. Сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжиж байгаа хүүхдүүд мэргэжил, суралцах их, дээд сургуулиа эртхэн судалж, мэргэжлээ зөв сонгох, үүнийхээ дагуу элсэлтийн ерөнхий шалгалтдаа сайн бэлтгэж, өндөр оноо авах хэрэгтэй. Одоо цагт харьцангуй бүх мэдээлэл нээлттэй, техник технологийн эрин үе. Гадаадад 100 хувийн тэтгэлгээр суралцах, өөрөө өөрийгөө бие даан хөгжүүлэх боломж маш их бий. Хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй, эх оронч үндэсний үзэл, зөв хандлага, төлөвшилтэй иргэн байж, эх орондоо ихийг хийж бүтээдэг иргэд олон болно гэдэг итгэлтэй байдаг.
Б.ТУУЛ