Олон улсын аюулгүй байдлын талаарх асуудлыг хэлэлцдэг Москвагийн 9 дүгээр бага хурал өнөөдөр эхэлж байна.
Энэ сарын 22-24-ний өдрүүдэд явагдах тус бага хуралд гадаадын 49 орны төлөөлөгчид, түүний дотор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр урилгаар оролцож байгаа юм.
Хуралд гаднын орны төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын гадаад харилцаа, батлан хамгаалах бодлого, аюулгүй байдал судлалын институт, цэргийн академи, их дээд сургуулийн эрдэмтэд, тагнуул, тусгай албад, бусад хүчний байгууллагын удирдлага оролцож илтгэл тавина.
Энэ удаагийн бага хурлаар дэлхийн стратегийн тогтвортой байдал, түүний үнэлгээ, чиг хандлага, үй олноор хөнөөх зэвсэг, мэдээллийн болон кибер орчны аюулгүй байдал, улс орнуудын зэвсэглэлээр хөөцөлдөж байгаа асуудал, коронавируст халдварын цар тахлын дэгдэлт, Оросын Африк болон Ойрх Дорнодын орнуудтай харьцах цэрэг-техникийн хамтын ажиллагаа, Европын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам 2012 оноос жил бүр зохион байгуулж буй уг бага хурлаар ОХУ, бүс нутгийн болон дэлхийн цэрэгулс төрийн нөхцөл байдлын талаарх сэдвийг өргөн хүрээнд хэлэлцэж, улс орнууд өөрсдийн байр суурь, санал бодлыг солилцдог ба аливаа маргаан зөрчлийг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог чухал механизм юм. Тус хурал нь өнгөрсөн долоо хоногт Женев хотод болсон АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын дараахан болж байгаа гэдгээр онцлог болж байна.
Доктор (Ph.D), хурандаа
Р.ЭНХБОЛД