БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР УУЛЗАВ

387
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцож, энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтаар Батлан хамгаалахын сайдууд хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Сайд нар Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу хоёр талын хамтын ажиллагааны бүхий л чиглэлүүдийг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг ОХУ-д албан ёсны айлчлал хийхийг урив.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагаа нь төлөвлөгөөний дагуу амжилттай хөгжиж байгааг тэмдэглэж, Монгол Улсын онцгой комиссын дэд даргын хувьд цар тахлын хүнд үед Монгол Улсад вакцин нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид энэ чиглэлд идэвхтэй хамтарч ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.