Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба нар өчигдөр БХЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр байгууллага бүрийн сүүлийн үед хийж байгаа ажлын тайланг сонсов.
ҮБХИС-ийн хувьд энэ сарын 10-наас эхлэн Цэргийн мэргэжлийн сургалт эхлэн явагдаж байгаа. Мөн сонсогчид Таван толгой дахь сургалтын нэгдсэн төв, Шар хадны полигонд хээрийн сургалт дадлагад гарсан талаар мэдээллийг өглөө. Түүний дараа Багабаян ТӨААТҮГын тухайд Афганистан Улсад үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн цэргийн алба хаагчдыг тусгаарлах ажлыг зохион байгуулсан талаар, Монгол Цэргийн музейн хувьд ОХУ-ын Цэргийн төв музейтэй хамтран “Орчин үед музейд ямар шаардлага тавигдаж байна вэ” сэдэвт цахим сургалт, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран “Эд хэрэглэлийг хэрхэн хамгаалах, арчлах нь” сургалтыг зохион байгуулсан болохоо тайлагнав.
Батлан хамгаалах Төв архивын тухайд Архивын лавлагаа мэдээллийг цахимаар өгч эхэлсэн бөгөөд өдөр бүр тогтсон цагт 2 удаа Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн шалганы байрнаас тарааж байгаа гэв. Үүний дараа “Алдар” спорт хороо, Цэргийн төв эмнэлэг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, “Соёмбо” редакц болон бусад байгууллага дараалан тайлангаа тавьсан юм. Үүний дараа Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар нийтэд хамааралтай болон байгууллага тус бүрд хандаж чиглэсэн үүрэг өглөө. Үүнд, Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/1636 дугаар албан бичгийн дагуу бие бүрэлдэхүүний 70 хүртэлх хувийн ээлжийн амралтыг олгох ажлыг зохион байгуулах.
Батлан хамгаалахын сайдын ”Архидан согтууруулахтай тэмцэх ажлыг зохион байгуулах тухай” 2021 оны А/83 дугаар тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх.
Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж явах, цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэх, зодоон цохионы асуудал гаргасан, эрүүгийн хариуцлага хүлээсэн албан хаагчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийн албанаас халах хүртэл арга хэмжээг авч ажиллах.
Төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, ажилдаа хандах хандлагыг өөрчлөхөд анхаарах. Мөн ёс зүйтэй, хариуцлагатай байж, хамт олноо үлгэрлэн манлайлж, эв нэгдлийг нь эрхэмлэн ялгаварлан гадуурхах, зүй бусаар харилцах, нэр хүндэд нь халдаж, гутаан доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах аливаа үйлдлийг гаргахгүй байхад онцгой анхаарах. Төрийн албан хаагчийн манлайлал, үлгэр дуурайллыг сайжруулах, ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хууль дүрмийг сахих зан үйлийг төлөвшүүлэх, байгууллага, хамт олны ёс зүйтэй зөв соёлыг дэмжих механизмыг бүрдүүлэхэд анхаарч, бие биеэ харилцан хүндэлсэн уур амьсгал, орчныг бүрдүүлж, хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх соёл, дэг журмыг хэвшүүлэх.
Алба хаагч нэг бүртэй ёс зүйн гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих, байгууллага, аж ахуйн нэгжид сахилга, дэг журам, ажлын зохион байгуулалт, албаны хариуцлагыг дээшлүүлж, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэх, дагаж мөрдөх тал дээр онцгойлон анхаарах хэрэгтэй. Мөн байгууллагын харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэлтийг Цэргийн нийтлэг дүрмийн дагуу зохион байгуулан хяналт тавих, офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг камерын хяналтын систем болон халдвар хамгааллын дэглэмийг баримтлан байнга бүртгэж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах.
Албан хэрэгцээнд ашиглаж байгаа автомашиныг зөвхөн ажлын цагаар ашиглах, хувийн хэрэгцээнд ямар нэгэн байдлаар ашиглахгүй байхаас гадна төсвийн хэмнэлтийн тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнуудаас зөвшөөрөл авалгүйгээр бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар гэрээ, хэлэлцээр хийхгүй байх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хүлээн авч, бүртгэн нягтлан шалгаж, шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, хариуг хуулийн хугацаанд багтаан өгч байх, шийдвэрлэгдээгүй өргөдөл, гомдлын талаар удирдах албан тушаалтнуудад тогтмол мэдээлж байх зэрэг болно. Мөн нэмэлтээр төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл задрах, түүнээс урьдчилан сэргийлэх хяналт тавих ажил суларч байгаад анхаарах, цахим, хурал зөвлөгөөний давтамж нэмэгдэхтэй холбогдуулан албаны мэдээлэл болон нууцын горим алдагдахаас сэргийлэх, байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг эртнээс зохион байгуулж 2021 онд Цэргийн тэтгэвэр тогтоолгох санал ирүүлсэн албан хаагчдаа чөлөөлөхөд бэлдүүлэх, уулзаж үүрэг, чиглэл өгөх зэрэг нийтлэг үүргийг өглөө. Үүний дараа байгууллага бүрд чиглэсэн үүргийг өглөө.