Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо /Asia pacific Broadcasting Union/-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг гишүүн орнуудын оюутан залуусын хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэхүй, мэргэжлийн цогц чадамжийг нэмэгдүүлэх зорилготой “ABU-Robocon” /Robot contest/ тэмцээн 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Холбооны гишүүн орнууд тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулж аварга багийг шалгаруулдаг уламжлалтай. Монгол Улсын “ABU-Robocon 2021” Үндэсний аварга шалгаруулах роботын тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран зохион байгууллаа.
Тэмцээн энэ сарын сарын 02-ны өдөр ҮБХИС-ийн “Алтан-Илд” спорт цогцолборт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд аваргын төлөө ҮБХИС-ийн “Аравт” баг, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Цахим алт” багууд таарч, өөрсдийн зохион бүтээсэн роботоороо дүрэмд заасан даалгаврыг гүйцэтгэж өрсөлдөв.
ҮБХИС-ийн Аравт баг “Дэд” байрт шалгаран ҮБХИС-ийн 100 жилийн ой босгон дээр бахархам амжилт үзүүллээ. Аравт багийн тухайд гэвэл, удирдагч багш, сонсогч, оюутнууд цэргийн ба тусгай зориулалтын робот техник зохион бүтээх чиглэлээр судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэдэг юм.
Энэ жилийн тэмцээний агуулга нь МЭӨ 770-476 оны үед Хятад улсад гадны улс орноос ирсэн гийчин зочидоо цэнгүүлэхээр “Саванд сум харвадаг” уламжлалт тоглоомыг тоглуулдаг байсан ёслол уламжлалаас сэдэвлэн дүрмийг боловсруулсан юм.
Тоглолт үргэлжлэх 3 минутын хугацаанд оюутан залуус маань хийж бүтээснийхээ үр шимийг харуулж чадлаа. Хөл хориотой, боломж нөхцөл хязгаарлагдмал байсан энэ хугацаанд залуус маань зургаан сарын хугацаанд хичээнгүйлэн ажилласны үр дүнд өөрсдийн роботоороо өрсөлдөж нөхөрсөг тоглолт хийлээ.
Энэ жилийн Үндэсний аварга баг Монгол улсаа төлөөлөн БНХАУ-ын Жумод болох Олон улсын Робокон тэмцээнд оролцох эрхийг авлаа. “МҮОНРТ Робокон тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж эхэлснээс хойш 6000 гаруй оюутан залуус оролцжээ. Энэ залуус өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрт мэргэшсэн шилдэг инженерүүд болон ажиллаж байгаа юм байна. “Аливаа улс орны хөгжлийн хөдөлгөгч хүч бол инженерүүд. Бид цаашдаа ч Робокон тэмцээнийг үргэлжлүүлэн хийсээр байх бөгөөд өөр олон төрлийн инженерийн салбарыг дэмжсэн нэвтрүүлгүүдээ нэмэгдүүлэхээр бодлогодоо тусган ажиллаж байна. Монгол улсын тогтвортой хөгжлийн бодлогын зорилтуудад инженерчлэлийн хөгжлийг тодорхой тусгасан байдаг бөгөөд үүнийг хэрэгжүүлэх, дэлгэрүүлэн хөгжүүлэхэд МҮОНРТ оройлон оролцоно” хэмээн тэмцээний үеэр зохион байгуулагчид онцоллоо.