Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний̆ баг тамирчид ОХУ-д өнгөрөгч 11-ний өдөр очсон. Бэлтгэл сургуулилтаа бүрэн хангасан хэдий ч гаднын мориор танихгүй газар оронд уралдахад хүндрэлтэй тул үлдсэн 10 гаруй хоногийн хугацаанд морьдтойгоо дотносох, ижилсэх, морьдоо маллах зэрэг ажлуудад ханцуй шамлан оржээ. Энэ жилийн тэмцээнд ОХУ, Монгол, Казахстан, Узбекстан Улсын цэргийн алба хаагчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорих бөгөөд өнгөрсөн бямба гарагт Монгол, Казакстан, Узбекстан Улсын цэргийн алба хаагчид унах морьдоо сугалсан байна. Харин ОХУ-ын баг тамирчид энэ удаагийн сугалаанд оролцолгүй өөрсдийн шилэгдмэл удмын морьдтой тэмцээнд оролцох аж.
Сугалааны оноолтоор манай улсын багт тоомсог голдуу морьд таарсан бөгөөд тэдний дунд ганц хөөрхөн монгол халиун морь таарсныг “Хөөрхөн халиун” хэмээн өхөөрдөн нэрлэжээ. Түүнчлэн цэргийн авторалли тэмцээнд оролцох баг 1 дүгээр сугалааг сугалсан бөгөөд машин техникээ хүлээн авч, тэмцээний бэлтгэлээ хангаж эхлээд байна.
Тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын Материал техникийн газрын орлогч дарга, техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц. Төрмөнх, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ЗХЖШ-ын Сургалтын бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, биеийн тамир спортын тасгийн дарга, хурандаа Д. Цог-Эрдэнэ нар багтаж байгаа юм. Ташрамд сонирхуулахад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Төв цэргийн тойргийн ерөнхий цэргийн 41 дүгээр армийн Тавин тавдугаар мотобуудлагын уулын бригадад байрлаж байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдыг ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг ахалж яваа бөгөөд тэрээр баг тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад байнгын хяналт тавихаас гадна удирдлагын зүгээс үзүүлэх бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.