С.Дашзэвэг: ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАДАА ИТГЭЖ БАЙГАА

700

ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын “Аравт” морин цэргийн уралдаанд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдын талаар ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэгтэй цахим сүлжээгээр холбогдож тодрууллаа.

Тамирчдын маань бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Бүх л орны тамирчид бэлтгэлээ жигд хангаж байна. Гэвч тэмцээн явагдах газар оронд бэлтгэл хийх хугацаа богино, давтамж цөөхөн байгааг оролцогч орнууд ярилцаж байна. Харин манайхны хувьд дасан зохицох чадвар сайтай тул энэ талаар асуудалтай зүйл алга.

“Аравт” тэмцээн манай улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан ч ОХУ-д зохион байгуулагдахаар болсон. Энэ нь зохион байгуулалт болоод тэмцээнд оролцогчдын бэлтгэл сургуулилтад хэрхэн нөлөөлж байгаа вэ?

-Тийм ээ, тэмцээн монголд зохиогдоно гэж бэлтгэлээ хангаж байсан бидний хувьд оролцох талын аргачилалд нэлээд өөрчлөлт орж байгаа нь тодорхой. Өөрөөр хэлбэл, морь хүн хоёрын гүйцэтгэх үүрэгт өөрчлөлт орсон зэргийг хэлээд байгаа юм. Өндөр уул даваанд морьдыг хөтөлж ачааллыг нь хөнгөлөх нэмэлт даалгавар ч бий болж байна. Гэхдээ бид чинь цэргийн хүмүүс тул бүх л бэрхшээл саадыг туулах чадвартай байх ёстой шүү дээ, цэргийн алба хаагчдадаа итгэж байгаа.

ОХУ-ын баг тамирчид сугалаанд оролцоогүй юм билээ. Энэ ямар учиртай юм бэ?

-ОХУ-ын тамирчид морьдоо сугалах сугалаанд оролцоогүй. Учир нь энэхүү “Аравт” морин цэргийн уралдаан манай улсад зохиогдохоор төлөвлөгдөж, ОХУ-ын баг өөрсдийн морьдтой оролцохоор бэлтгэлээ хангаад байсан тул тэдгээр морьдоороо уралдахаар болсонтой холбоотой. Бидний харж байгаагаар оросуудын морьдын 90 хувь нь монгол, монголжуу морьд байна лээ.

Тэмцээн уралдаанд оролцоход багийн тактик гэж байдаг. Энэ жил манайхан ямар тактиктай байж бусад орноос илүүрхэх бол?

-Бид бэлтгэлийн хугацаанд бусад багийн бэлтгэлийн түвшнийг давхар судалж байна. Эндээс л дээрх асуудлаар бодлого тодорхойлогдоно. Манай багийн удирдлага, дасгалжуулагчид сайн ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Тэдэнтэйгээ зорилгодоо хүрэхэд ойрхон байгаа гэдэгт итгэлтэй байна.

Монгол морьд хэр их байдаг юм бол?

-Монгол морьд хөдөө тосгодоор нэлээд байгаа харагдсан. Бидний уралдах морьд бол эдний уулын тусгай ангийн морьд тул томсог голдуу байгаа юм. Монгол морьдыг “Орла” үүлдэртэй эрлийзжүүлсэн морьд бас байдаг юм байна. Цаашдаа бидэнд ч гэсэн Зэвсэгт хүчний 232 дугаар ангид байгаа “Аравт”-ын сүрэг морьдоо чанаржуулж томруулах, монголчуудын ярьдгаар товир алхаатай морьдоор бүрдүүлэх шаардлагатай нь харагдаж байна.

“Цэргийн ралли” тэмцээний энэ жилийн онцлог болоод манай улсаас оролцож байгаа бүрэлдэхүүний талаар тодруулъя …

-Цэргийн авто ралли тэмцээнд манай баг анх удаа оролцож байгаа нь бусад багт таавар төрүүлээд байна. Уг нь ОХУ, Монгол Улс хамтран хоёр орны газар нутагт зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тийм тохиолдолд бэлтгэл сургуулилт, зохион байгуулалтад нэлээн том өөрчлөлт орох байсан. Гэхдээ л манай залуус техникийн үйлчилгээгээ чанартай хийж уралдах сэтгэлээр дүүрэн байгаа. Цэргийн авто раллид олон жил оролцсон туршлагатай ОХУ, БНХАУ, Беларусь, Серби зэрэг улсын баг тамирчид манайхны хүчтэй өрсөлдөгчид гэж харж байна.

Олон улсын “Аравт” морин цэргийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд хурандаа Д.Цог-Эрдэнэ, “Цэргийн авто ралли” тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд хурандаа Ц.Төрмөнх нар тус тус ажиллана. Энэ бол нэр төрийн хэрэг. Энд ажиллах бусад орны шүүгчдийн талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Зэвсэгт хүчний баг олон улсын армиудын тоглолтод оролцогч орон байсан бол өнөөдөр зохион байгуулагч орон болоод байгаа нь маш том алхам юм. Тэр тусмаа манай Зэвсэгт хүчний шүүгч нар тус тусынхаа тэмцээний шүүлт, зохион байгуулалтад оролцоно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг юм шүү. “Аравт” морин цэргийн уралдааны хувьд энэхүү тэмцээнийг Монгол Улсад анх удаа өөрсдийн бодлого, заавраар явуулж амжилттай зохион байгуулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний баг түүн дотроос ерөнхий шүүгчээр ажилласан гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнийг тэмцээнд ирсэн эсэхийг бусад орны тамирчид буунгуутаа л асууж, гүйж ирж үнсүүлж байхыг харах сайхан л байна лээ. Манай Ц.Төрмөнх хурандаа бол олон жил Танкийн биатлонд шүүгчээр ажилласан туршлагатай хариуцлагатай хүн шүү дээ.

Цагийн байдлыг бид таашгүй ч ирэх жилийн цэргийн наадмын талаар зохион байгуулагч орны удирдлагуудтай ярьж байгаа болов уу? Монголынхоо тал нутагт зохион байгуулбал ч …

-Монголынхоо тал нутагт морьдоо уралдуулаад явж байх хүсэл монгол хүн бүрд бий. Монгол түмний минь заяа төөрөг, бэлгэ дэмбэрэл түшиж монгол морьдоо дэлхийд гайхуулах үйлс дахин давтагдана гэдэгт итгэж байна.

Хошууч Д.МЭНДБАЯР