ЭР ЗОРИГИЙН ШАЛГУУР БУЮУ ТЭНГЭРТ САЛХИЛАГЧИД

1386

Цэргийн сургалт, бэлтгэл тогтмол байж гэмээ нь улс орноо батлан хамгаалах чадавхыг бодитоор олж авдаг гэж хэлж болно. Энэ утгаараа ч манай Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин цэргийн сургалт бэлтгэлийг тогтмол зохион байгуулдгийн нэгэн хэлбэр нь шүхрийн дадлага, буулт юм.

Энэ хүрээнд Тусгай хүчний  цэргийн командлалын 2020-2021 оны “Сургуулийн жилийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, “Шүхрийн дадлага, буултын нэгдсэн хуваарь”-ийн дагуу Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн шүхэрчин дайчид энэ сарын 12-16-ны өдрүүдэд тусгай үүргийн шүхрийн дадлага, буултыг Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий нуур орчмын газар, районд амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус дадлага, буулт нь жил бүр уламжлал болгон хийгддэг бөгөөд өдөр шөнө, нам өндрийн болон усны мандал дээр тусгай зориулалтын шүхрээр буулт хийдгээрээ онцлог юм.

Шүхрээр бууна гэдэг тухайн хүнээс багагүй ур чадвар, дадлага туршлага, сэтгэл зүйн өндөр бэлтгэлийг шаарддаг. Тэр тусмаа тусгай үүргийн шүхрийн буултад оролцох шүхэрчин дайчид зургаагаас доошгүй удаа шүхрээр буусан байх ёстойгоос гадна бие бялдар, дадлага туршлагаар нь шалгаруулж дадлагажуулдаг. Тусгай үүргийн шүхрийн буулт нь хэд хэдэн төрөлд хуваагддаг бөгөөд хэт нам өндрийн, хот, суурин газар, шөнийн, ой мод болон усны мандал дээрх зэргээр ангилагддаг. Хэт нам өндрийн буулт нь газрын түвшнээс 150-300 метрийн өндрөөс, 300х600 м2-аас багагүй тэгш гадаргуутай талбайд нөөц шүхэр хэрэглэхгүйгээр газарддаг бол хот, суурин, байшин барилгатай газар буулт хийхэд нислэг буултын  удирдагчдын сайтар тооцооллын үр дүнд хоорондоо 40 м-ээс багагүй зайтай, тэгш дээвэртэй байшин дээр, автомашины хөдөлгөөн сийрэг үед буулт хийдгээрээ онцлог. Харин шөнийн буулт хийхэд эргэн тойрондоо барилга байгууламж, цахилгаан шугам, мод зэрэг саадгүй газар буухад анхаардаг бол ой модон дээрх шүхрийн буултаар шавар, намаг, хад чулуугүй сийрэг ой модтой газрыг сонгож буулт хийдэг. Эцэст нь усны мандал дээрх шүхрийн буултад агаарын температур 18 С-аас доошгүй нөхцөлд, багадаа 1,5 метр гүн, 200х200 м2-аас багагүй талбайтай усан сан, цэнгэг нууртай орчныг сонгодог. Тиймээс энэ төрлийн тусгай үүргийн шүхрийн буултад Өгий нуур орчмын газар, район илүү тохирдог гэдгийг тус ангийн удирдлагууд онцолж байсан бөгөөд эдгээр өгөгдсөн нөхцөлийн дагуу бие бүрэлдэхүүн оногдсон үүргээ алдаа мадаггүй гүйцэтгэж энэ удаагийн дадлагаа өндөрлөсөн юм.

АНХДАГЧДЫН ОН ТООЛЛООР АЯЛАХАД

Хүн төрөлхтөн шүхрийн спорттой холбогдсон түүх сонирхолтой. Өдгөөгөөс 500 гаруй жилийн тэртээд алдарт зохион бүтээгч Леонардо Да Винчи 5.3×4.4 метрийн хэмжээтэй зүүмэл асраар дамжуулж хүн ямар ч өндрөөс аюулгүй газардаж болно гэдэг томьёоллыг гарган хамгийн анхны шүхрийн загварыг өөрийн тэмдэглэлдээ дүрслэн зурсан байдаг нь бидний мэдэх орчин үеийн шүхрийн үндэс суурь болсон гэж барууны судлаачид үздэг байна. Улмаар 1617 онд Френцио гэх Италийн нэгэн инженер Да Винчигийн дүрсэлсэн шиг зүүмэл асар зохион бүтээж Венеци хотын тухайн үеийн хамгийн өндөр цамхагаас үсрэхдээ зөөлөн газардаж чадсан нь анхны шүхрийн буултад тооцогддог. Энэ нээлт нь дэлхий дахинд асар том сэдлийг өгч улс орнууд цэрэг, дайны зориулалтаар түлхүү ашиглаж ирсэн нь шүхрийн спортыг өнөөгийн хөгжилд хөтөлжээ. Харин 1934 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ЗХУ-ын сургагч мэргэжилтэн, ЗХУ, БНМАУ-ын баатар, нисэх хүчний маршал В.А.Судецийн удирдлагад бригадын дарга Ц.Очир 800 м өндрөөс У-2 нисэх онгоцноос үсэрсэн нь Монголын анхны гэх тодотголын эзэн болж, түүхийн салшгүй нэг хэсэг болон үлджээ. Гэвч нэгэн сонирхол татахуйц баримт дурдахад нэрт зохиолч Б.Ринчений “Шүхэрч Буниа” өгүүллэгт бичсэнээр 18 дугаар зууны эхэн үед 16 настай Буниа гэдэг хүү шүхэр сэдэн хийж, Эрдэнэ зуу хийдийн орой дээрээс буусан талаар бичсэн байдаг. Хэрэв энэ явдлыг тодруулан сийрүүлбэл магадгүй монголчууд бид шүхрийн спортын анхдагчдын эгнээнд орох боломжтой. Үүнээс үзэхэд манай орны шүхрийн спортын дадлага, уламжлал илүү бодитой гэдэг нь харагдаж буй юм.

Анхны бүхэн хожмоо бахархалтай, хэнд ч мартагдашгүй үйл явдал болж үлддэг гэдэг. Эдүгээгээс 52 жилийн өмнө буюу 1969 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр анги анхны шүхрийн буултаа хийжээ. Тухайн үед “ПД-47” маркийн десантын шүхрээр 21 түрүүч, байлдагч буулт хийж байсан нь МАА-ийн анхдагчид болох ховор бөгөөд нэр хүндтэй завшааны эзэд болсон байдаг. Энэ цагаас хойш давхардсан тоогоор 3000 орчим шүхэрчин энэ ангиас төрсөн гэсэн тоо бий. 1990-ээд оноос Монгол Улсын Зэвсэгт хүчинд цэргийн шинэчлэлийн уур амьсгал орж эхлэх үеэс тус анги хугацаат албаны дайчидгүйгээр шүхэр, десантын тодотголтой мэргэжлийн анги болсон. Албан ёсоор батламжлаагүй ч Зэвсэгт хүчний анхны элитийн батальон нь 084 дүгээр анги байсан гэж үздэг хүн олон. Өдгөө дэлхий нийтэд аюул заналхийлж буй терроризм, хүн барьцаалах гэмт хэргээс сэрэмжлэх, түүнтэй тэмцэх бэлтгэлийг хангахад онцгой үүрэг хүлээдэг нь тус ангийн гол, үндсэн зорилгуудын нэг юм. Энэ их итгэл хариуцлагыг зүтгэл, чармайлт, мэргэжлийн өндөр ур чадвар, байнгын бэлэн байдал, бэлтгэл сургуулилтаараа хариулдаг. Түүний нэг нь гарцаагүй шүхрийн дадлага, буулт юм. Тиймээс ч жил бүр энэ төрлийн дадлага, сургуулийг тогтмол хийж гүйцэтгэдэг уламжлал тогтжээ.

ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ, ГАЗАР НЬ ЗӨӨЛӨН БАЙГ

Ямарваа тусгай бэлтгэлийг зохион байгуулахад аюулгүй байдлыг сахина гэдэг хамгийн чухал. Тус анги энэ талаар хариуцлагыг хүлээх хэд хэдэн албан тушаалтныг томилгоожуулдаг нь шүхэр десантын дарга нар, шүхрийн зааварлагчид болон нислэг буултын талбайн жижүүрүүд юм. Тэдгээр албан тушаалтнууд бие бүрэлдэхүүний шүхрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавихаас гадна аюулгүй газардах бүхий л боломжийг нь бүрдүүлж өгдөг онцлогтой. Энэ удаагийн буултаар дээрх үүргийг хүлээсэн шүхрийн зааварлагч, тус ангийн шүхэр десантын II ротын захирагч, ахмад Д.Дүгэрсүрэнтэй ярилцах боломж олдсон юм. Тэрээр хэлэхдээ “Шүхрээ зөв эвхэнэ гэдэг шүхэрчин хүн өөрийн аюулгүй байдлаа хангах хамгийн гол түлхүүр болдог. Тиймдээ ч өөрийнхөө шүхрийг өөрөө л эвхдэг. Хэн ч өөрийн амь насаа хүний гарт даатгахгүй шүү дээ. Шүхрийг таван шат дамжлагаар эвхдэг. Энэ нь шүхрийн доод хормой хэсгийг журамлахаас эхэлнэ. Хэрвээ буруу журамлавал шүхэр задрахгүй байх аюултай. Дараагаар нь шүхрээ чкол руугаа тодорхой дарааллаар, эмх замбараатайгаар хийнэ. Үүний дараа зааварлагчид шүхрийн нэг, хоёрдугаар үзлэгийг хийнэ. Ямар нэгэн алдаа гарсан бол тэр дор нь засаж, залруулах ёстой. Эцэст нь бидний дүгнэлтээр шүхэрчид онгоцондоо суудаг. Цэргийн шүхэрчид нь энгийн шүхэрчдийг бодвол тусгай үүргийг хүлээдэг. Тодруулбал, цаг агаарын ямар ч нөхцөлд, хаана ч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байх ёстой учраас сэтгэл зүй, бие бялдар, ур чадварын бэлтгэлийг хийж гүйцэтгэдэг” гэсэн юм. Үнэхээр ч цэргийн шүхэрчид гэдэг илүү онцлогтой мэргэжил байдгаас гадна хариуцлага, зохион байгуулалтын тал дээрээ манлайлагчид байх учиртай бөгөөд энэ байдал нь дадлага, буултад оролцож буй бие бүрэлдэхүүнээс тод харагдана.

Жил болгоны тусгай үүргийн дадлага, буултаар зөвхөн шүхэрчин дайчид бус Зэвсэгт хүчний  303, 337 дугаар ангийн залуу нисгэгчдийг сурган дадлагажуулж, ур чадварыг нь нэмэгдүүлэхээс гадна Архангай, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын албаны аврагчид ч мөн адил эргийн хамгаалалтын үүргийг гүйцэтгэж хээрийн дадлага сургуулиа давхар зохион байгуулдаг аж. Үүнийг цаашид тогтмол явуулахаар төлөвлөж байна. Цэргийн нисгэгчдийн хувьд “Хар”, “Шар” Баясаа нэрээрээ алдаршсан туршлагатай нисгэгчдээр удирдуулан цаашид энэ салбарын чадварлаг боловсон хүчин болохын төлөө хичээл зүтгэл үзүүлэн дадлагаждаг. Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагчийн Нислэг эрхэлсэн I орлогч, хурандаа Н.Баясгалан хэлэхдээ “Энэ удаагийн дадлага, сургуулилтаараа бид ОХУ-д Цэргийн нисгэгчийн сургууль төгсөөд ирсэн залуучуудаа сурган дадлагажуулж байна. Тэдгээрийн дундаас ахмад Ц.Бат-Оргил, ахлах дэслэгч Б.Дэмбэрэлсамбуу нар нисэх багийн даргаар бие даан нислэг үйлдэх эрхээ өнөөдөр авч чадлаа. Цэргийн нисгэгчдийг агаарт хэдэн цаг нислэг үйлдсэн гэдгээр нь бус онгоц жолоодох ур чадвараар нь дүгнэдэг. Нисгэгч хүн хамгийн гол нь эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй байх ёстой. Харин цэргийн нисгэгчдийн бусдаасаа ялгагддаг гол онцлог нь удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг өдөр шөнө, цаг агаарын ямар ч нөхцөлд гүйцэтгэхэд бэлэн байх. Тиймдээ ч бүх сургалт, дадлагаа үүнтэйгээ уялдуулдаг” гэсэн юм. Хойч үе гэдэг эрхэм чухал юм шүү гэж захих тэрээр бусдадаа байн байн хэлж зөвлөж, үүрэг өгсөөр эдгээр дадлага, сургуулийн өдрүүдийг өнгөрөөдөг гэнэ.

ШҮХЭР БИДНИЙГ НЭГ ЦУЛ БОЛГОДОГ

Цэргийн зориулалтаар ашигладаг шүхэр нь олон төрөл байдаг. Манай шүхэрчин дайчид “RL-16, 18” буюу дөрвөлжин, “MCI-1C” буюу дугуй хэлбэрт шүхрээр дадлага хийдэг. Эдгээр шүхэр агаарт хоёр янзаар буюу бүрэн албадан болон хагас албадангаар задардаг. Бүтэн албадангаар задарна гэдэг нь шүхэрчин онгоцноос гарахад татагч оосрын тусламжтайгаар үүргэвч агшин зуур нээгдэж, шүхрийн уутыг сугалан авахад дэлгэгдэх үйл явцыг хэлдэг. Харин хагас албадангаар задлахад шүхэрчин татагч оосрын тусламжтайгаар зөвхөн тэнцвэржүүлэгч шүхэр задарч, 3-30 секунд чөлөөт уналт хийх үедээ зориулалтын цагаригийг татан түгжээг мулталж өгснөөр үүргэвч агшин зуурт нээгддэг байна. “MCI-1C” шүхрээр голдуу анхлан суралцагчид буулт хийдэг бол “RL-16, 18” шүхрийг илүү туршлагатай шүхэрчид ашигладаг. Тэдгээр туршлагатай шүхэрчдийн нэг бол энэ удаагийн дадлагаар 500 дахь буултаа амжилттай хийсэн тус ангийн III ротын ахлагч, сургагч ахлагч Г.Гансүх юм. Түүнээс энэ талаарх сэтгэгдлээс нь хуваалцахад “Би 2001 онд Дорнод аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд БХИС-ийн Ахлагчийн сургуулийн хуваарь авч жилийн дараа төгсөөд энэ ангидаа гранатомётчиноор томилогдож байлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацааг эргэн санахад хэзээ ч харамсахааргүй, бахархалтай санагддаг. Шүхрээр бууж эхлэхдээ дөрвөлжин шүхрээр бууж байгаа ах нараа хараад хэзээ нэгэн цагт энэ шүхрээр бууж үзнэ дээ гэж мөрөөддөг байлаа. Улмаар жил ирэх тусам ур чадвараа ахиулсаар хот, улсын чанартай тэмцээнүүдэд оролцдог болсон. Харин өнөөдөр 500 дахь буултаа хийлээ. Сэтгэл маш өндөр байна. Шүхэрчид бид үүгээрээ бахархдаг хүмүүс шүү дээ. Дээрээс нь манай ангид нэг сайхан уламжлал байдаг нь тэгш тоотой буулт хийсэн шүхэрчдээ бүгд нийлж дээш шидэж өргөмжилдөг. Нэг ёсны баяр хүргэж байгаа юм” гэв.

Цэргийн алба гэдэг жирийн аавын хүүгийн давах даваа биш. Тэр тусмаа эмэгтэй хүнд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн шүхэр десантын ангид алба хаана гэдэг бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил ихээр шаардагдахаас гадна хэнээс ч илүү энэ хүндтэй албаараа бахархдаг тэр сэтгэлгээ байх ёстой биз. Тэдгээр чадварлаг, хичээнгүй бүсгүйчүүдийн нэг нь тус ангийн хүний нөөцийн офицер, ахмад М.Долгорсүрэн. Тэрээр энэ жилийн шүхрийн дадлага, буултад оролцож буй алба хаагчдаас цорын ганц эмэгтэй шүхэрчин гэдгээрээ онцлог байв. М.Долгорсүрэн “Миний өвөө цэргийн хүн байсан. Өвөөгөөрөө их бахархаж өссөн. Энэ бахархал маань намайг цэргийн хүн болгох замд хөтөлж, БХИС-д таван жил суралцан төгсөөд энэ ангидаа томилогдсон. Улмаар 2014 оны өвөл шүхрийн анхныхаа буултыг хийж байлаа. Анх шүхрээр бууж байхдаа монгол орноо дээрээс харахад үгээр хэлэмгүй тийм өвөрмөц бөгөөд сайхан мэдрэмж төрж байсан нь тод санагдаж байна. Харин өнөөдөр би 73 дахь буултаа амжилттай гүйцэтгэлээ. Энэ ангидаа алба хаах хугацаандаа хамт олноосоо олон зүйлийг сурч авсан. Бүгд л адил шүхэрчин дайчид учир хоорондоо маш элгэмсэг, дотно уур амьсгалыг бүрдүүлж чаддаг. Шүхэр биднийг нэг цул болгодог гэсэн үг. Одоо өөр анги, байгууллагад шилжих гэхээр шүхрийн спортод чин сэтгэлээсээ хайртай болчихсон болохоор ерөөсөө холдож чаддаггүй” хэмээн ярьж буйгаас харахад энэ салбарын эмэгтэй алба хаагчдаараа бахархахгүй байхын аргагүй санагдана.

ХҮНИЙ АМЬ ХАМГААС ЭРХЭМ

Шүхэрчид маань сүүлийн өдрөө усны мандал дээрх буултаа гүйцэтгэв. Энэ үеэр ангийн захирагч, хурандаа Д.Шинэбаяр алба хаагчдадаа халуун баяр хүргэж, амжилт бүтээлийг ерөөлөө. Энэ удаагийн шүхрийн дадлага, буултад оролцсон бие бүрэлдэхүүнд хүндээр гэмтэж бэртсэн тохиолдол гарсангүй. Гэвч эрсдэл үргэлж байсаар байгаа гэдгийг мартаж болохгүй. Хүндээр биш юм гэхэд мөр, шагайгаа гэмтээх, толгойн тус газартаа шарх авах зэрэг нь элбэг байдаг гэнэ. Энэ нь тодорхой шалтгаантай. Эхнийх нь шүхэрчдэд зориулагдсан хамгаалалтын хэрэгсэл тун дутуу дулимаг байгаатай холбоотой. Буулт хийж буй шүхрүүдийн ашиглах хугацаа дуусаагүй мөртөө буултынх нь тоо гүйцсэн асуудлууд байсаар байна. Үүнээс улбаалсан болзошгүй эрсдэлүүд үүсэх магадлалтай. Уг нь манай Зэвсэгт хүчинд шүхэр десантын тодотголтой анги ганцхан бий.

Гадаадын хөгжингүй улс орны шүхэрчин дайчид техник, хэрэгсэл талдаа өндөр хангамж авдгийн зэрэгцээ амь нас нь илүү баталгааждаг. Хамгийн эрсдэлтэй мэргэжилд тооцогдох шүхэрчдэд энэ жишээний хангалтыг зохион байгуулах нь нэн тэргүүнд шийдвэрлэх зүйл гэж бодогдож байв. Дээрээс нь шүхрээр буух нь хүний эрүүл мэндэд олон сөрөг нөлөө үзүүлдэг. Жишээ нь бөөр, давсаг, нуруу, үе мөч, түрүү булчирхайн өвчлөлийн суурь шалтгаан гэдгийг гадаадын хэвлэлүүд бичдэг юм байна лээ. Эдгээр өвчлөл нь залуу насанд мэдэгддэггүй мөртөө нас ахих үед илэрдэг гэнэ. Шүхрийн буулт хийдэг бусад байгууллагын алба хаагчид тэтгэвэрт эрт гардаг нь ийм учиртай. Харин Зэвсэгт хүчний шүхэрчин дайчдад энэ төрлийн хуулийн заалт байдаггүй гэнэ.

Мөн АНУ-д шүхэрчин дайчдад дадлага, буулт хийх бүрт нь мөнгөн урамшуулал хүртээдэг. Харин манайд энэ талаар ямар нэгэн бодлого байдаггүй нь нуух зүйл биш. Үүнийг цэргийн мэргэжлийн зэрэг олгодог шиг шүхрээр буусан тоогоор нь зэрэг олгодгоор зохицуулж болох юм шиг санагдлаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэчихвэл албандаа сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй шүхэрчин дайчид эрсдэлгүй, баталгаатай, бүр л илүү таатай орчинд үүргээ гүйцэтгэж чадна шүү дээ.

Дэслэгч Т.ИДЭР