БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг 08 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийсэн 7 дахь удаагийн “АРМИ-2021” олон улсын цэрэг-техникийн форумд хүндэт зочноор оролцлоо. ОХУ-ын Москва мужид байрлах “Патриот” паркад зохион байгуулж буй тус форумд Оросын болон гадаадын 1400 гаруй компани, 28000 орчим нэр төрлийн цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг танилцуулсан юм. Тус арга хэмжээний үеэр бригадын генерал Д.Ганхуяг ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн Оросын талын хэсгийн дарга В.Н.Дрожжовтой танилцах уулзалт хийв. Уулзалт найрсаг, халуун дотно өрнөж, хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 онд зохион байгуулагдаагүй Монгол-Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хамтарсан ажлын бүлгийн хуралдааныг энэ онд зохион байгуулахаар тохиролцлоо. Мөн “Арми игры-2021» олон улсын цэргийн наадмын “Танкийн биатлон” тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчидтай уулзаж амжилт хүссэн юм.