ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Тува Улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулж буй “Цэргийн ралли-2021” олон улсын тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид анх удаагаа оролцож байгаа хэдий ч, олон жил оролцсон туршлагатай баг тамирчидтай ижил түвшинд өрсөлдөж байна. Багийн ахлагчаар ЗХЖШ-ын МТГ-ын даргын орлогч, Техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж нар ажиллаж байгаа юм.
Нэгдүгээр шатны уралдаан энэ сарын 23-ны өдөр нэг бүрийн уралдаанаар эхэллээ. Тус уралдааны “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медаль, “Камаз 4х4” ангилалд чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар 5 дугаар байр эзэлсэн бол “Урал
6х6” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч, ахлах ахлагч Б.Алтанхуяг нар, “Камаз 6х6” ангилалд чиглүүлэгч, дэслэгч Д.Бямбабаяр жолооч, ахлах ахлагч С.Амартүвшин нар 4 дүгээр байрыг тус тус эзэлсэн амжилт үзүүлэв.
Хоёрдугаар шатны “Хөөх” уралдаан өчигдөр зохион байгуулагдсан бөгөөд “Урал 6х6” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Мөнгөнхуяг, жолооч, ахлах ахлагч Б.Алтанхуяг нар алт, “Урал 4х4” ангилалд чиглүүлэгч, ахлах дэслэгч Б.Ариунбаатар, жолооч, сургагч ахлагч Х.Ширмэнхоовон нар хүрэл медаль хүртэж, “Камаз 6х6” ангилалд чиглүүлэгч, дэслэгч Д.Бямбабаяр, жолооч ахлах ахлагч С.Амартүвшин нар 4, “Камаз 4х4” ангилалд чиглүүлэгч, дэслэгч М.Шийрэвноров, жолооч, ахмад П.Ганхуяг нар 5 дугаар байраар тус тус эзэллээ.
Ташрамд дурдахад 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу өнөөдөр тэмцээний 3 дугаар шатанд багийн буудлага (5.45 мм-ийн АКМС-74) болон пулемётын (7.62 мм-ийн ПКТ) буудлагын тэмцээнтэй бол 8 дугаар сарын 27-ны өдөр тэмцээний 4 дүгээр шат буюу багийн уралдаанд манай баг тамирчид тус тус өрсөлдөнө.