Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Цэргийн алба хаагчдын эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, аливаа нөхцөлд үүргээ биелүүлэх боломжоор хангах тогтолцоог төлөвшүүлнэ” гэсэн заалтын хүрээнд Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоолоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцнуудыг оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан. Энэхүү баримт бичиг бодит ажил болж өнөөдөр Батлан хамгаалах яамны офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийн хөнгөлттэй үнээр орон сууцаа өмчилж авах батламжаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас гардан авлаа.
Өнөөдрийн байдлаар яамны зүгээс 562 айлын орон сууцыг худалдан шилжүүлэх, 29 орон сууцыг хувьчилахад шаардлагатай материалыг бүрдүүлж 300 гаруй айлд албан тушаалын орон сууц эзэмших гэрчилгээг олгоод байна.
Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 21,7 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, 4 хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10,3 хувь нь айлын байр, хашаа байшин хөлслөн амьдарч байгаа гэсэн судалгаа байна.
Иймд албан тушаалын орон сууцнуудыг хувьчилснаар цэргийн алба хаагчид өөрийн өмчтэй болж, хувьчилсан байрнуудын ашиглалт сайжирч, орон сууцанд орох өргөдөл өгсөн хэдий ч шийдвэрлэгдээгүй байгаа цэргийн алба хаагчдад зориулсан орон сууц барих хөрөнгө төвлөрч, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд үе шаттайгаар шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн алба хаагчид албан үүргээ сэтгэл хоёрдолгүй гүйцэтгэх, ажиллаж амьдрах таатай нөхцөл бий болохоос гадна хувьчилж авсан орон сууцаа ашиглах, захиран зарцуулах, өв дамжуулах зэрэг олон давуу тал бий болно гэж албаныхан үзэж байна.